Skip links

“Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баяр”-ын баярын мэндииг хүргэе.

“Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баяр”-ын баярын мэндийг нүүр номын найзууддаа хүргэе.
1945 оны тавдугаар сарын 9-нд зургаан жил үргэлжилсэн дэлхийн II дайн дуусч нацист Герман бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан тэр өдрийг хүн төрөлхтнийг дайны аюулаас аварсан “Ялалтын өдөр” хэмээн нэрлэж ирсэн билээ.
Хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч 71 сая хүний халуун амийг авч одсон юм.
1945 оны 6 сарын 24-ний өдөр Ялалтын баярын цэргийн анхны парад Москва хотын Улаан талбайд болсон бөгөөд үүнээс хойш улс орныг сэргээн босгох ажилд илүүтэй анхаарч, Ялалтын баярыг 20 жил тэмдэглээгүй өнгөрүүлсэн байдаг.
Харин 1995 оноос хойш Бүх Орос даяар Ялалтын баярыг жил бүр сүр жавхлантай тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.
Монголын ард түмэн ялалтын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж, хийж бүтээсэн бүхнээ бэлгийн цуваа болгон Зөвлөлтийн Улаан армид илгээж байсан. 1941 оны 11 дүгээр сард Аж үйлдвэрийн комбинат, Үйлдвэр хоршооллын ажилчдын илүү цагаар ажиллаж үйлдвэрлэсэн 15000 цэргийн өвлийн хувцас 14,600 ноосон цамц, 440 нэхий хөнжил зэргийг ЗХУ-д илгээсэн нь Монголчуудын бэлгийн анхдугаар удаагийн цуваа байсан түүхтэй.
Мөн 1942 оны 1-7 дугаар сард Монголын ард түмнээс хоёр сая төгрөгийн хандивыг сайн дураараа өргөснийг цуглуулж шилжүүлж, Улаан армид хандив өргөх хөдөлгөөн Монгол Улсын бүхий л аймаг сумдад өрнөсөн бөгөөд Монголын Засгийн газар, ард түмний хөрөнгөөр бүтсэн ТЗ-4 загварын 32 танк, Т-70 загварын 21 танк бүхий “Хувьсгалт Монгол” хэмээх танкийн бригадыг 1943 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын төрийн удирдлага Улаан армид гардуулан өгч байжээ.
COVID-19 вирусийн цар тахлын улмаас Москвагийн Улаан талбай болон Оросын бусад томоохон хотуудын талбайд болдог парадыг хойшлуулсан шийдвэр гарсан хэдий ч өнөөдөр агаарын парад болох бөгөөд газрын парадыг цуцалсан тул агаарын ёслолыг илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Өнөөдөр агаарт 600 гаруй онгоц, нисдэг тэрэг хөөрөх юм байна.
Оросын хотуудад цар тахлын үеийн Ялалтын баяр хэрхэн болж өнгөрөх төлөвлөгөөтэй байгаа талаарх мэдээллийг Regnum болон Взгляд агентлагуудаас авсан эх сурвалжтайгаа хүргэе.
Хамгийн өргөн цар хүрээтэй агаарын парад ОХУ-ын нийслэл Москва хотод болно. Тавдугаар сарын есний өдөр Оросын нийслэл дээгүүр 75 нэгж агаарын техник нисч өнгөрөх аж.

Парадын эхэнд дэлхийд хамгийн том цэрэг тээврийн нисдэг тэрэг гэж тооцогддог Ми-26, дөрвөн МИ-8 нисдэг тэрэгтэй хамт ниснэ. Тэдгээрийн араас таван Ми-35, Ка-52, Ми-28Н ниссэнээр нисдэг тэрэгний цуваа өндөрлөх юм байна.

Онгоцны хэсэг асар том А-50 онгоцоор эхлэх бол түүний араас цэргийн тээврийн Ил-76 гурван онгоц ниснэ. Тэдгээрийн араас бөмбөгдөгч-пуужин тээгч найман онгоц нисэх бөгөөд эхлээд гурван Ту-95МС, дараа нь Ту-160, түүний араас дөрвөн Ту-22М3 нисэх юм байна.

Үүний араас Ту-160 нисч, агаарт Ил-78 энэ онгоцыг цэнэглэж байгааг харуулах үзүүлбэр болно. Энэ үзүүлбэрийн араас МиГ-29 сөнөөгч, Су-24 фронтын бөмбөгдөгч, МиГ-31К, Су-57 нисч өнгөрнө.

Leave a comment