Ярилцлагын ээлжит дугаартаа бид боловсролын салбарын залуу лидерүүдийн нэг МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрамыг урилаа. Тэрээр дэлхийд боловсролоор тэргүүлэгч улсууд болох АНУ-д ахлах сургуулиа, Англид бизнесийн удирдлагаар бакалавр, магистраа (Лондон хотын Олон улсын Америкийн их сургууль) дүүргэж, Япон улсад доктор (Нагоя их сургууль) болсон бөгөөд Монгол улсдаа дээд боловсролын чанарыг ахиулахаар амжилттай ажиллаж байгаа билээ. Эрдэмтний хувиар өөрийн бүтээлийг олон улсад хэвлүүлэн Amazon-д тавьсны сацуу олон улсын эрдэм шинжилгээний хуралд 30 гаруй өгүүллээ хэлэлцүүлэн 15 орчим сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлүүлжээ. Ингээд боловсролын салбарын шилдэг менежер, залуу эрдэмтэн түүний ажлын арга барилтай танилцъя.
Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал, Дэлхийн эмэгтэй инженер, эрдэмтдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, БСШУСЯ-ны дэргэдэх Бизнесийн удирдлагын хамгаалуулах зөвлөлийн гишүүн
Хэрэглэдэг компьютер: Суурин Dell компьютер болон Macbook Air 13′
Сошиал хуудас: @UndramCh (Твиттер), Undram Chinbat (ЛинкэдИн), Чинбатын Ундрам (Фэйсбүүк)
ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Би их эртэч хүн. Өглөө 5 цагт босоод гэрийн ажлаа зохицуулж, хоёр хүүхдийнхээ сургуульд явах бэлтгэлийг хангана даа. Ингээд ажил дээрээ өглөө 08 цагийн үед ирдэг. Танилцах ёстой бичиг цаас, имэйлдээ хариу өгч, зарим ажлыг бусдад үүрэг даалгавар өгч хариуцуулна. 09 цагаас эхлэн хурал, уулзалтууд хөвөрдөг. Би өөрөө зохион байгуулж буй хурлыг хоёр цагаас хэтрүүлэхгүй байхыг, хүнтэй хийх уулзалтыг 20-30 минутад багтаахыг зорьдог. Өдрийн хоолоо яг 12.30-д идэхийг хичээдэг. Оюуны ажил гэдэг хүнээс их энерги шаарддаг шүү дээ. Үдээс хойш ч хурал, уулзалтууд ихтэй. 18 цагийн үед энэ төрлийн ажлуудаа дуусгаад 20 цаг хүртэл хурал, уулзалтынхаа тэмдэглэлийг буулгах, гарсан шийдвэр, хийх ажлуудыг хүмүүст хариуцуулж өгөх зэрэгт анхаарна. Гэртээ хариад, 21 цагт хүүхдүүдээ орондоо орох хүртэл нь анхаарч, ярилцах, гэрийн даалгаврыг нь хийлгэх ажилд анхаардаг. Тэднийгээ унтсаны дараа бичиг цаас, ном харах нь элбэг.
Миний хувьд захиргаа, менежментийн ажлыг багш, судлаачийн ажилтай хослуулж хийдэг гэсэн үг. Онол дээр үзсэн юмаа бодит байдал дээр хэрэгжүүлээд явдаг нь эргээд хичээл заах, судалгаа хийх зэрэгт их хэрэг болдог гэж боддог.
ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?
Янз бүрийн олон апп хэрэглэдэггүй. Имэйлийг мэдээж хамгийн их хэрэглэнэ. За тэгээд оффисын програмууд, Google Calendar, Google Cloud их тус болдог. Сошиал медиаг нэг их хэрэглэж амждаггүй ч сүүлийн үед хийж байгаа ажлуудаа бас мэдэгдэж байх нь зүйтэй юм байна гэж бодох болсон. Тэгэхгүй бол их ачаалалтай ажилладгийг маань зарим хүн анзаардаггүй байж магадгүй. Гадаадад холбоо харилцаатай хүмүүс олон байдаг тул утсанд чат аппууд, Blue Jeans, Skype зэрэг дуудлага хийдэг апп-ууд байдаг. Аяллын хэд гурван апп бий. Алжаал тайлах гэж хааяа онлайнаар шатар тоглодог. Бас хятад хэлний Nihaocarla гэдэг апп суулгачхаад зав чөлөөгөөрөө харж байна. Mimo гэдэг код бичиж сургадаг апп бас байдаг.
ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Ажлаа эрэмбэлж төлөвлөгөөтэй ажиллах л миний цаг хэмнэх гол арга гэж болно. Ажлыг зөв хүмүүст нь хариуцуулж, өөрөө чухал ажлуудаа гарддаг. Мэргэжлийн онцлог маань, Японд оптимизацийн чиглэлээр суралцсан маань ажлыг эрэмбэлж төлөвлөгөөтэй хийхэд бүр ч сайн сургасан болов уу.
ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?
Урт хугацааны төлөвлөгөөгөө дэвтэр дээр бичдэг. Жил бүрийн 12 сарын 31-нд нөхөртэйгөө тухайн жилийн ажлуудаа төлөвлөж заншсан шүү. Ерөнхийдөө 5 жилээр төлөвлөж, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тухайн жил, сар, 7 хоногоор нь төлөвлөдөг. Бас өдөр тутмын ажилдаа баригдаад алсын хараа, холын зорилгоо мартчихгүйг хичээдэг. Сардаа нэг удаа юунд зорьж, алсдаа хаа хүрэхээр тэмүүлж байгаагаа харах ёстой гэж боддог.
Ойрын хугацаанд хийх зүйлс, ажлуудаа бол онлайн календарьд оруулж гэр бүлийн хүн болон хамтран ажилладаг хүмүүстээ мэдэгддэг.
ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?
Сая дурдсанчлан төлөвлөгөө боловсруулахдаа сайн байх шүү. Хүмүүст ажлыг оновчтой хуваарилаад үр бүтээмжтэй ажиллуулах, хянах, мотиваци өгөхдөө сайн гэж боддог. Менежментээр суралцсаны хэрэг маань үүнд гардаг байх. Бас том эвент, арга хэмжээ дажгүй зохион байгуулчихдаг гэж боддог. Өнгөрсөн жил МУИС-ийн 75 жилийн ойн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, ёслол төгөлдөр тэмдэглэхэд нэлээд хүчин чармайлт гаргасан. Хэлэлцээр хийх чадвар бас муугүй байх.
Сүүлийн үед цаг зарцуулж чадахгүй байгаагаас болоод гэрийн ажилдаа улам л муудаад байна (инээв). Уг нь цаг гаргаад хийвэл сайхан амттай хоол хийчихнэ.
ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Улс орны ирээдүй болсон залуучуудыг сурган боловсон хүчнийг бэлддэг байгууллагадаа, ажилдаа би их хайртай. Би МУИС-д 2010 оноос эхэлж ажиллан багшаас эхлэн шат шатны олон албыг хашсан болохоор байгууллагаа тогтолцооны хувьд сайн ойлгодог гэж итгэдэг.
Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлын хувьд сургалтын төлбөр, эрдэм шинжилгээний орлогоос бүрдэж байгаа төсвийг байгууллагын хөгжлийн төлөө, сургуулийн оролцогч талуудад үр ашигтай байхаар зарцуулах нь миний гол ажил юм.
Салбарын хувьд авч үзвэл, МУИС нь төрийн өмчит сургууль гэгддэг боловч төрийн дэмжлэг тун бага. Уг нь улс орнууд их сургуулиудаа бодлогоор дэмждэг. Хийсэн ажлын үр дүн, үзүүлэлтүүдэд нь тодорхой шалгуур тавиад, түүнийгээ үнэлээд, шаардлага хангаж байвал дэмжлэг үзүүлдэг. Бидний хувьд төрийн холбогдох байгууллага, шийдвэр гаргагчдад байнга саналаа хүргүүлдэг ч асуудал шийдэгдэх үйл явц нь удаан байгаа шиг санагддаг.
Төрөөс гадаадын судалгааны байгууллагуудаар өндөр төсөвтэй ажил их хийлгэдэг. Уг нь үүний зарим хэсгийг дотоодын их сургуулийн нөөц бололцоог ашиглаад хийлгэх бүрэн боломжтой. Зарим тохиолдолд тендер зарлалгүй эрдэмтдэд үүрэг болгоод өгсөн ч болно шүү дээ. Төсвийн хөрөнгийг дотооддоо үлдээх, эх орныхоо онцлогийг мэддэг эрдэмтэн судлаачдаа ашиглаж асуудлаа шийдэх боломж бүрэн дүүрэн байгаа гэж боддог юм.
Судлаач, эрдэмтдээ утаа, хөрсний бохирдол зэрэг улс оронд учирч байгаа нийгмийн олон тулгамдсан асуудлыг шийдэхэд засгийн газар, их сургуулиуд, хувийн хэвшлийнхэнтэй хамтран хувь нэмрээ оруулаасай гэж боддог. Их сургуулиуд нийгмийн асуудлуудыг шийдэхэд чухал үүрэгтэй байгууллага байх ёстой. Үүний тулд бид орлогоо нэмэгдүүлэн багш, профессорууддаа хангалттай цалин өгч, сургалт судалгааны орчноо сайжруулж судалгааны хүчин чадлаа нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Сүүлийн үед МУИС-ийн дотоод санхүүгийн менежментийг сайжруулах тал дээр анхааран ажиллаж байна. Санхүүтэй холбоотой журмуудаа сайжруулж, судалгааны сургуулийн ERP систем ямар байх ёстой, тийм байдлаар одоогийн хууль журмын хүрээнд бүрдүүлэхээр зорьж ажиллаж байна. Сүүлийн үед сургуулийн сургалт, судалгааны орчинд мөн анхаарч байгаа. Энэ чиглэлд манайх хөрөнгө оруулалтуудыг зоригтой татах шаардлагатай байгаа. Сургуулийн орчин сайжрахаар багш, оюутнуудын идэвх асар их нэмэгддэг. Шинэ номын санд маань үйлчлүүлж байгаа оюутнуудын тоо нэмэгдсээр багтахгүй болсон байх жишээтэй.
МУИС-ийн нийгэм дэх сургалт, судалгааны үүргээс гадна соён гэгээрүүлэх үүрэг гэж байдаг. Үүний хүрээнд Харвардын Бизнесийн Сургуулийн профессор Такэүчиг бид 5 сарын 8, 9-нд Монголд урьсан. Мэдлэгийн менежментийн судалгаа, бүтээлүүдийн хамгийн гол авторуудын нэг болох энэ хүнтэй би өмнө нь Харвардын сургууль дээр хоёр ч удаа уулзаж байсан юм. Харвардад заах арга зүйгээрээ дээгүүрт ордог профессорын хувьд кэйс сургалтыг хэрхэн бичих талаар манай Бизнесийн сургуулийн багш нарт сургалт орно. Мөн холбогдох байгууллагуудтай уулзаж, өөр сургалт семинарууд хийх юм. Энэ хүн ашгийн бус зорилгоор Монголд ирж байгаа.
Мөн энэ баасан гарагт МУИС дээр Монголын зарим залуу эмэгтэй лидерүүдийг урьж, боловсролын талаар “Боловсрол амжилтын түлхүүр үү?” сэдвийн хүрээнд сонирхолтой хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээнд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа, Үндэсний Аудиторын Орлогч С.Оюунбилэг, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргалан зэрэг эмэгтэйчүүд ирнэ. Энэхүү арга хэмжээ амжилттай болбол бид цуврал болгох санаатай байна. Үндсэн ажлаа хийхийн зэрэгцээ иймэрхүү олон нийт, залуучуудад хандсан арга хэмжээ зохион байгуулж оролцож байя гэж бодоод байгаа шүү.
МУИС-ИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ЯВЦ ЯМАР БАЙГАА ВЭ?
Аж үйлдвэрийн 4-р хувьсгал эхэлж байгаа энэ үед бид цаг үеийнхээ шаардлагыг хангасан, чадварлаг боловсон хүчнийг бэлдэх нь нэн чухал. Тийм ч учраас МУИС-ийн шинэчлэлийн гол цөм нь агуулгын буюу хөтөлбөрийн шинэчлэл байсан. Сургалтын технологи маань “либерал арт” боловсролын систем рүү шилжсэн. Өөрөөр хэлбэл бид оюутныг өргөн мэдлэгтэй буюу шинжлэх ухааны суурь ойлголтуудтай, судалгааны арга зүй, тоон анализ хийх чадвартай, иргэний боловсролтой, англи хэлтэй, өөрийгөө эрүүл аваад явах чадвартай оюутныг төгсгөдөг болохоор эрмэлзсэн юм. Энэ өргөн мэдлэгт суурилан мэргэжлийн мэдлэг, чадваруудыг олгоно. Оюутан эдгээр суурь хичээлүүдээ нэгдүгээр түвшиндээ үзээд тодорхой болзол хангасны үндсэн дээр хоёрдугаар түвшнээсээ мэргэжлээ сонгодог болсон.
Энэ шинэчлэлийн дагуу суралцсан оюутнуудын анхны төгсөлт өнгөрсөн жил болсон. Одоо бид төгсөгчдөөсөө санал асуулга аван харьцуулалт хийж, стратеги төлөвлөгөөндөө үнэлгээ хийж байна. Энэ шинэчлэл мэдээж амар биш байсан. Ололттой зүйлс, сайжруулах ёстой зүйлс олон байгаа. Нэг ололттой жишээ хэлэхэд зарим тэнхимүүдээ нэгтгэн цар хүрээг нь томруулснаар салбар дундын хөтөлбөр, судалгаа, салбар дундын хамтын ажиллагаа эрс сайжирч байна.
ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?
Мэдээж судалгааны чиглэлтэйгээ холбоотой судалгааны өгүүлэл, материал их уншдаг. Судлаач хүн байнга л уншиж байхгүй бол болохгүй. Суралцагч, оюутнуудад шинэлэг контентууд их хэрэгтэй байгаа болохоор Харвардын Бизнесийн Сургуулийн өрсөлдөөний микроэкономиксийн кэйсүүдийг судалж байна. Бас ДЭЗФ-ын контентуудыг унших дуртай, имэйлээр авдаг.
Сүүлийн үед бас мэргэжлийн бус, уран зохиолын болон дуртгал бүтээлүүд илүү их унших дуртай болчхоод байгаа. Нэг хэсэг С.Эрдэнийн өгүүллэгүүдэд шимтсэн бол одоо МУИС-ийн ахмад багш, академич Д.Төмөртогоогийн дуртгалыг уншиж байна. Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан гэсэн оргил гурван эрдэмтний шавь болох энэ хүний замнал үнэхээр сонирхолтой санагдсан. Говь нутаг, МУИС-д сурч байсан оюутан үе, академич болсон замнал гээд л сэтгэл хөдөлгөм зүйл ихтэй. Уншиж дуусаад би Д.Төмөртогоо багшийг хоолонд урьж ярилцъя гэж бодож байгаа.
ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?
Хөгжим зорьж сонсдоггүй ээ. Нөхөр машиндаа хөгжим тавина. Bohemian Rhapsody-г гарснаас хойш манай машинд Queen-ий хөгжим их явж байна. Оюутан байхдаа би Английн Дайдогийн дуунд их дуртай байсан. Хөгжим гэснээс саяхан нөхөр бид хоёр дэлхийн хэмжээний тоглолт үзэж үзье гээд Backstreet Boys-ийн Сингапурт хийх тоглолтыг үзэхээр төлөвлөчхөөд байна. Бидний үеийнхний 10 жилд сонсдог байсан хамтлаг болохоор сэтгэл хөдөлж байгаа шүү. Бид хоёр данснууддаа “Зугаалах данс” “Тавилга авах данс” гэх мэтээр нэрлээд цалин, орлогоосоо илүүчлэн хийдэг юм. Одоо энэ тоглолтыг үзэх гээд л санхүүгээ бэлдээд л байна (инээв).
ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Сайн хэлж мэдэхгүй юм. Би зарим зүйлсийг өөртөө хадгалах, бусдад дэлгэхгүй байхыг боддог. Зарим зүйлс дээр бол хэнтэй ч хамаагүй ярина, бодол санаагаа хэлчихнэ. Бас хүний нээлттэй байдалд нас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байх. Нас нэмж өөртөө итгэлтэй болох тусам хүн илүү нээлттэй болдог болов уу.
ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?
Орой 22.30-д унтаж өглөө 5 цагт сэрдэг. Эрт унтаж эрт сэрж байж л ажил, гэрээ зохицуулж яваа байх гэж боддог доо.
ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?
Сүүлийн үед бол ажиллаагүй үе гэж үнэндээ надад байхгүй болсон. Амралтын өдрүүдээ гэр бүлдээ л зориулахыг хичээдэг. Хоёр хүүхэд маань жаахан болохоор боловсрол, хүмүүжилд нь анхаарах ёстой. Тэднийгээ усанд сэлдэг, цанаар гулгадаг болгочих юм сан гэх мэтээр янз янзын л юм бодох юм.
Сурагч байхдаа би уран зураг зурдаг, бас шүлэг зохиох гэж оролддог байсан. Ер нь зураач болъё гэж боддог байлаа. Гэвч хичээл номдоо шамдъя гээд урлаг, уран сайхны талаа орхигдуулчихсан юм. Одоо эргээд энэ сонирхлуудаа сэргээе гэж бодож төлөвлөж байна. Амьдрал гэдэг зөвхөн академик мэдлэг биш, гоо зүй, урлаг чухал юм байна гэдгийг улам бүр ойлгож байгаа. Зургийн техникүүдээ эргээд сэргээхийг хичээж л байна. Тэтгэвэртээ гараад жижигхэн урлантай болж, найз хөгшчүүлээ урина гэж мөрөөддөг юм.
Түрүүнд хэлсэнчлэн тархиа амраах зорилгоор зав чөлөөгөөрөө шатар бас оролдож байна. МУИС-ийн ахмад багш Хандсүрэнгээс зөвлөгөө авсны дагуу шатрын гарааны ном авчихсан, системтэй үзэж эхлэх санаатай байна. МУИС-ийн спортын тэмцээн, тэр дундаа шатрын тэмцээн их өрсөлдөөнтэй болдог юм. Энэ тэмцээнд гайгүй бэлтгэлтэй орж үзье гэж төлөвлөж байна.
Бас Монголын уран зохиол, дуртгал номуудыг уншаад их урам зориг авч, ирээдүйд түүхэн тууж, роман бичих юм сан гэж боддог болоод байгаа шүү. Өвөө маань Халхын голд байлдаж явсан түүхээ тэмдэглэл болгож үлдээсэн байдаг юм. Тэгэхээр Халх голын сэдвээр ч юм уу бичиж болмоор санагдаад байгаа. Тэгэхээр ажлаа хийгээгүй үед намайг гэрээс минь л олно гэсэн үг.
ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?
Мэдээж гэр бүлээсээ амьдралын сайн сайхан, утга учрыг мэдэрнэ. Шантрахгүй байх урам зоригийг ээж ааваасаа явдаг. Амьдралын нугачаанд дэнсэлж явахдаа хүн чанараа алдаагүй, зарчмаасаа ухраагүй тэднээсээ байнга суралцдаг. Охин маань сүүлийн үед бас их гайхшруулж баярлуулдаг болоод байна. Дөнгөж 10 настай хэр нь интернэт номын сангаас төрөл бүрийн шинжлэх ухааны сэдвээр юм уншчихсан, одон орон сонирхож, байгаль дэлхийгээ хайрлах талаар ярьж, бүр жендерийн мэдрэмжтэй байх талаар хүртэл надтай юм ярьж байна. Зургийн дугуйланд яваад Сальвадор Дали, Моне нарын зургуудыг дуурайж зурна. Чамд хэнийх нь зураг илүү таалагдаж байна гэхэд “Тухайн үеийн сэтгэл зүйн байдлаас шалтгаалдаг” гэж байх жишээтэй. Одоогийн хүүхдүүд улам л сүрхий болоод байх шиг.
Алдар нэртэй хүмүүсийг намтар, дуртгалаас бас байнга санаа авч, юм боддог. Хиллари Клинтон, Мишель Обама, Жак Ма, Дэн Сяо Пин гээд лидерүүдийн номоос амьдралын бэрхшээлүүдийг хэрхэн давж туулж, асуудлуудыг яаж шийдэж ирснийг нь унших сонирхолтой, сургамжтай байдаг.
ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?
Би ахлах сургуульдаа АНУ руу солилцооны хөтөлбөрөөр явж, америк гэр бүлд амьдарсан юм. Америк аав ээж маань их сайн хүмүүс байсан. Надтай байнга ярилцаж, хэлний чадварыг минь ахиулна. 16 насны төрсөн өдрөөр минь “The 7 habits of Highly Effective Teens” буюу “Өсвөр насныхны үр дүнтэй 7 дадал” номыг бэлэглэсэн. Тэр номыг сөхөж үзэхэд “найз нөхөдтэйгөө уулзах уу, зорилгодоо чиглэсэн ажил хийх үү” гэсэн санаа бүхий хоёр тийш заасан сумтай салаа замын зураг байсан. Тэр санаа зурагтайгаа хамт миний сэтгэлд яагаад ч юм их тод үлдсэн юм даг. Түүнээс хойш хичээлээ сайн хийе гэвэл заримдаа найзтайгаа уулзах цагаа багасгах ёстойг, хоёуланг нь зэрэг сонгох боломжгүйг ойлгож авсан. Амьдралдаа аливаа зүйлсийг эрэмбэлэх ёстойг, нэг дор бүгдийг авч болохгүйг ухаарсан юм шиг байгаа юм. Нэг таатай зүйлийг авахын тулд нөгөөг нь тодорхой хэмжээгээр золиослох шаардлага гардаг шүү дээ. Миний хувьд одоо өндөр ачаалалтай захиргааны ажил хийж байгаа. Энэ сонголтыг хийсэн минь судлаачийн хувьд тодорхой золиосыг гаргасан. Одоо бол судалгаа, бүтээл хийх цаг гарах нь ховор.
ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?
Күнзээс нэг удаа удаан ном үзсэн шавь нь гэртээ буцахынхаа өмнө “Багшаа би хэр их зүйлийг мэдсэн бэ?” гэж л дээ. Тэгтэл Күнз таягаараа газарт нэгэн тойрог зурсан гэдэг. Үүнийг хараад гайхсан шавь нь нэг санаа олж “Тэгвэл хэр ихийг мэдээгүй вэ?” гэтэл Күнз нөгөө л тойргоо заажээ. Энэ нь та хэр их мэддэгийнхээ хэрээр мэддэггүйгээ мэддэг болдог гэсэн үг байж. Өөрөөр хэлбэл тойрог том байх тусам тэр хэмжээгээр мэддэггүйгээ бас мэдэж авна гэсэн үг. Бага зүйл мэддэг хүн өөрийгөө бүгдийг мэддэг гэж үзнэ, их зүйл мэддэг хүн бас их зүйл мэдэхгүйгээ мэднэ. Мэдлэгтэй хүн мэддэггүй зүйлээ бас мэддэг учраас тэр хэрээр улам даруу болдог байна. Харин цээжээ дэлдээд би мэдэгч гээд байвал мэдэхгүйн шинж гэсэн үг юм.
Мөн залуучуудад хандлага чухал шүү гэдгийг хэлэхийг хүсдэг. Хүн боловсрол, мэдлэгтэй байхаас гадна зөв хандлагатай байж эерэг нөлөөллийг үзүүлж чадна. Харин буруу хандлагатай хүн ихийг мэдээд ирвэл аюултай. Сөрөг нөлөөллийг хүчтэй үзүүлнэ гэсэн үг.
Эрхэлж буй ажлаас шалтгаалаад их сургууль, мэргэжлээ сонгох гэж буй ахлах ангийнхан надтай уулзаж зөвлөгөө авах тохиолдол их гардаг. Тэр хүүхдүүдэд би “Хүн амьдралдаа хоёр чухал шийдвэр гаргадаг. Нэг нь насаараа идэвхтэй амьдралаа зориулж ажиллах мэргэжлээ сонгох, нөгөө нь насаараа зовлон жаргалаа хуваалцах ханиа сонгох. Мэргэжил сонгохдоо яг л ханиа сонгож байгаа мэт өөрийн сэтгэл зүрх, мэдрэмжийг сонсож, түүнийгээ нарийн судалгаатай хослуулах хэрэгтэй” гэж хэлдэг.
ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайханыг санал болгоё. Зарчимтай, ёс зүйтэй, нийгэмд дуу хоолойгоо хүчтэй хүргэж яваа залуу профессор.