Гэр бүл бол нийгмийн суурь нэгж юм. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний бат бөх хайр, итгэлцэл дээр аз жаргалтай гэр бүл оршин тогтнодог. Нөхөр нь ажил хийн гэр бүлээ тэжээж, эхнэр нь гэртээ үр хүүхдээ өсгөх хандлага олон оронд бий. Инээх мянга мянган шалтгааны эзэд болсон хүүхдүүдээ хараад гэртээ суух тэр хугацаа хамгийн аз жаргалтай үе хэдий ч нөгөө талаас ээжүүдийн хувьд тэсвэр тэвчээр шаардсан чамгүй даваа байдаг.
Учир нь ээжүүд төрсний дараа сэтгэл гутралд орох, өөрийгөө ямар нэг байдлаар бусад эмэгтэйчүүдээс хоцорч байгаа мэтээр төсөөлөх нь нийтлэг. Энэ нь анхны хүүхдээ төрүүлсэн залуу ээжүүд болон туршлагатай ээжүүдэд ч ялгаагүй тохиолдоно. Энэ үед ээжүүдэд өөртөө итгэх итгэлийг хэрхэн төрүүлэх вэ?
Ар гэрийн туслалцаа, нөхрийн халамж анхаарал хамгийн чухал. Нөхөр нь эхнэртэйгээ сайхан ярилцаж, санаа бодлыг нь сонсох хэрэгтэй. Халуун дулаан үгсээр урам өгч дэмжихээ ч мартаж болохгүй. Учир нь гэртээ хүүхдээ хардаг ээжид сэтгэлээ онгойтол ярилцах хэн нэгний хэрэгцээ байнга үүсч байдаг. Сэтгэл санаа сайхан байвал амьдралаа, өөрийгөө гэгээлэг талаас нь харж, эерэг бодол төрөх нь дамжиггүй.
Мөн ээжүүдэд зориулан явуулж байгаа онлайн сургалтуудыг дэмжин ажиллах хэрэгтэй. Цахим сүлжээ өндөр хөгжсөн өнөө үед онлайнаар бид хүссэн зүйлээ сурч болно. Англи хэл, оёдол эсгүүр, иог гээд маш олон зүйлийг бид гэрээсээ сурах боломж байна. Сургалтад хамрагдан шинэ зүйл сурснаар ээжүүд өөртөө итгэлтэй болж, өмнөхөөсөө ч илүү гялалзах болно.
Амьдарч байсан газраасаа жишээ болгон сонирхуулахад Япон ээжүүд хүүхэдтэйгээ хамт маш их цагийг өнгөрөөдөг. Хүүхдээ 3 нас хүрэхээс нь өмнө цэцэрлэгт явуулдаггүй. Өвөө эмээ нараар нь хүүхдээ харуулах, хүүхэд асрагч хөлслөхийг хүсдэггүй. Суурь хүмүүжилд нь ээжүүд өөрсдөө анхаарахыг эрмэлздэг. Ихэнх Япон ээжүүд ямар ч ажил хийж байсан хамаагүй зөвхөн хүүхдийнхээ боловсрол, хүмүүжил, эрүүл мэндэд л анхаарч эхэлдэг гэсэн үг. Харин Америкт нийт эцэг эхийн 45 хувь нь гэртээ сууж хүүхдээ өсгөдгөөс 86 хувь нь ээжүүд байдаг юм билээ. Аль ч орны ээжүүд хүүхдээ өсгөөд гэртээ байх хугацаагаа хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт хэмээн ойлгодог.
Гэртээ хүүхдээ харж суугаа ээжүүд минь өөдрөг байгаарай.
Нүүр номын найзууд та бүхэн минь ч гэсэн гэртээ суугаа ээжүүдийн хөгжлийг дэмжих тал дээр өөрийн туршлагаасаа хуваалцаж, сэтгэгдэл бичээрэй. Баярлалаа…