Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхийн улс орнууд боловсролын салбарт ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг нүүр номын найзууддаа хуваалцья. “Ковид-19” халдвараас шалтгаалж дэлхийн 177 улс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, нийт сурагчын 72.4 хувь нь хорионд ороод байгаа юм. Манай улсын хувьд цэцэрлэгийн 263.3 мянган хүүхэд, ЕБС-ийн 640.4 мянган суралцагч, их дээд сургуулийн 148.4 мянган оюутан хорионд орж, цахимаар хичээлээ үзэж байна. Өөрөөр хэлбэл бүтэн таван сарын турш танхимын сургалт тасалджээ.
Танхимын сургалт зогссон дэлхийн улс орнуудын боловсролын нэгдсэн тайланг үзэхэд 26 хувь нь теле хичээлээр, 77.3 хувь нь цахим хэлбэрээр, 4.2 хувь нь радио болон бусад хэлбэрээр сургалтыг явуулж байна. Харин манай улс энэ оны 5 дугаар сарын 4-ны байдлаар нийт 4773 цаг буюу 82.4 мянган минутын теле хичээлийг 270 гаруй багш зааж, 100 орчим арга зүйч, судлаач зөвлөж, давхардсан тоогоор 170 шахам телевизийн ажилтан хамтран ажиллаж, Монгол, Казах, Тува болон дохионы хэлээр бэлтгэн хүргэжээ. Цаашид теле хичээл 2020 оны 6 дугаар сарын 1-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.