Skip links

Сан байгуулагдсан түүх

Манай сан анх 2014 онд нийгмийн эмзэг давхаргын иргэд болон хүүхдүүдэд албан болон албан бус боловсрол олгох, ядуурлын эсрэг үйл ажиллагааг дэмжин  туслах, хүнд өвчтэй иргэдэд хандив тусламж үзүүлэх зорилгоор байгуулагдсан.

Анх ийм сан байгуулах санаа яагаад төрсөн тухайгаа товч өгүүлье. Миний ээжийг Доржийн Тунгалаг гэдэг. Ээж маань тэр үед буюу 2014 онд найз нарынхаа хамтаар Хүүхэд гэр бүлийн хөгжлийн “Өнөр” төвийн хүүхдүүдэд цагаан хэрэглэл, зарим хэрэгтэй зүйлсээр нь тус дэм болж, хандив өгөхөөр очсон байдаг юм. Үүний дараахан тус Өнөр төвийн Долгорсүрэнгийн Даваажаргал охиноос ээжид минь нэгэн захиа ирсэн.

Тэрхүү захианд:

“Сайн байна уу. Намайг Даваажаргал гэдэг, 13 настай. Би уруул тагнай сэтэрхий төрсөн. Миний хамгийн их хүсч байгаа зүйл бол хамраа янзлуулж бусад хүүхдүүдийн адил чөлөөтэй харилцаж, ярилцдаг болмоор байна. Зарим үед хүүхдүүд миний ярьсаныг ойлгодоггүй,  тэр үед надад маш хэцүү байдаг, их ичдэг. Гэхдээ хэтэрхий шаналж гутрахгүйг хичээнээ. Манай төв дээр  ирж бидэнд тусалсан Тунгалаг эгчдээ маш их баярлалаа. Бас надад тусалж байгаа, миний төлөө сэтгэл гаргаж байгаа сайхан сэтгэлт ах эгч нартаа баярлалаа” гэж бичсэн байсан.

Энэ захиаг ээжтэйгээ хамт уншаад, ер нь Даваажаргал охинд тусалья, цаашдаа сан байгуулаад нийгмийн сайн сайхны төлөө, тус дэм хүссэн хүүхдүүдэд, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст өөрийн чадах зүйлээр тусалья гэж зориг шулуудан сангаа байгуулж байсан түүхтэй.

Сангийн маань санаачилж хийсэн анхны ажил бол мэдээж Даваажаргал охинд туслах явдал байв. Охиныг бид шүдний эмнэлэгт 3 удаа, Эх нялхсын эмнэлэгт 2 удаа мэс засалд оруулж, эмчлүүлж чадсан. Одоо ч Даваажаргал охинтой харилцаа холбоотой байдаг. Үүнээс хойш санаачилж хийсэн олон ажлууд хийсэн байгаа.

Чинбатын Ундрам сантай хамтран ажилладаг, биднийг тусалж дэмждэг, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд гар бие, сэтгэлээ зориулж яваа сайхан сэтгэл хүн бүрт улам их амжилтыг хүсье.

 

                                  ЧИНБАТЫН УНДРАМ САНГИЙН ТЭРГҮҮН: Ч.Ундрам

Leave a comment