Сүхбаатар өртөөний талаар нүүр номын найзууддаа сонирхуулъя. УБТЗ-ын хэмжээнд 80 гаруй өртөө зөрлөг бүхий газар байдаг. Анх 1938 онд Улаанбаатар – Налайхын хооронд нарийн төмөр зам тавигдаж, уурын галт тэрэг явж эхэлснээр Төмөр замын түүхийн хуудас бичигдсэн түүхтэй. Тэртээ 1949 оны 11-р сард Наушка -Улаанбаатар чиглэлд анхны галт тэрэг аялж, Сүхбаатар өртөөний замналыг эхлүүлжээ. 70 жилийн түүхтэй Сүхбаатар өртөө нь өдгөө Зүтгүүрийн депо, Техник үйлчилгээний газар, Замын 1-р хэсэг, Холбооны байшин, Шугамын хэсэг, Цэрэгжүүлсэн хамгаалах салаа, “Бүжинхэн” цэцэрлэг, Орон сууцны хэсэг, Олон улсын тээвэр зуучийн төвийн салбар зэрэг 10 аж ахуй нэгж, салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сүхбаатар өртөө нь олон улсын болон орон нутгийн ачаа, зорчигч тээвэрт нээлттэй, хилийн хэсгийн ангигүй өртөө бөгөөд Хойд, Дулаан зөрлөг, Ерөө өртөөний ажлыг хариуцдаг тулгуур өртөө болон хөгжсөөр байна. Үүнээс гадна Сүхбаатар өртөө нь хагас автомат хориглолоор тоноглогдсон, галт тэрэг хүлээн авах, явуулах 12 замтай, салаа болон тусгай зориулалтын хэрэгцээний 20 зам, галт тэрэгний тормоз урьдчилан турших хийн сүлжээ, компрессор, вагон салгалтгүй засварлах гагнуурын 1600 метр шугам, 20 тоннын даацтай кран, 30 тонны цахилгаан өргөгчүүд, 12 замын бүрэн автомат хамгаалалттай электрон вагон пүүгээр тоноглогдож, хоногт дунджаар 10 хос галт тэрэг солилцооны 1100 гаруй вагон урсгалд нэвтрүүлэх хүчин чадалтайгаар ажиллаж байгаа их ажил өрнөсөн том айл. Бахдам амжилтын эзэд бол яах аргагүй манай төмөр замынхан билээ. Тиймдээ ч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөг төмөр зам, бүтээн байгуулалт, вагон депогүйгээр төсөөлөхийн аргагүй юм даа.