Skip links

Ч.Ундрамын товч танилцуулга

Чинбатын Ундрам миний бие 1982 онд төрсөн. Нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Аав Чинбат геологич, ээж Тунгалаг улс төрийн философи, нийгмийн ухааны мэргэжилтэй. Сэлэнгэ аймагт амьдарч байсан. Нийслэлийн 23-р сургуульд сурч байгаад, сурагч солилцооны шугамаар 15 настайдаа АНУ-д дунд сургуульд сурсан.
Дээд боловсролын хувьд Англид бизнесийн удирдлагын бакалавр, магистр, Японы Нагоягийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.
Ажлын туршлагын хувьд:
МУИС-ийн багш, Тэнхмийн эрхлэгч, дэд профессор, профессор, Сургалтын нэгдсэн албаны дарга, Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан. МУИС-ийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд “Либерал урлаг”-ийн уламжлалд суурилсан боловсролын системийг Монгол Улсад анх удаа баг хамт олноороо нэвтрүүлж ажилласан, мөн дүнгийн дэвтэр буюу книжканы системийг халж онлайн болгох, элсэлтийн үйл ажиллагааг орон даяар цахимаар ил тод нээлттэй зохион байгуулах зэрэг олон ажлуудыг санаачилж багаараа гүйцэтгэсэн.
“Эрдэнэт үйлдвэр”ХХК, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Таван Толгой” ХК, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон байгууллагуудад зөвлөгөө өгч, захиалгат судалгаануудыг хийж байсан.
Ном, бусад бүтээлийн хувьд:
Америкийн Симио компанийн захиалгаар “Симуляци”, Япон улсын Панасоник корпорацийн зөвшөөрөлтэйгөөр “Бизнесийн амжилт хүнээс” зэрэг номыг орчуулж гаргасан.
МУИС-д ажиллаж байх хугацаандаа хамтарч “Менежмент”, “Бизнес ба нийгэм” гэсэн мэргэжлийн сурах бичиг боловсруулж, сургалтанд нэвтрүүлсэн.
Төрийн албан хаагчийн ёс зүй номын хамтарсан зохиогчоор ажилласан, одоо энэ номыг төрийн албан хаагчид ашиглаж байна.
Олон нийтийн байгууллагын сонгуульт ажил, идэвхи оролцооны хувьд:
Харвардын их сургуулийн Өрсөлдөөний микроэкономиксийн институтийн Монгол улс дахь кординатор;
ОУ-ын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн;
Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчидын нэгдсэн байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн;
Чинбатын Ундрам хөгжлийн сан ТББ-ын үүсгэн байгуулагч;
Сэлэнгэ аймгийнхаа хэмжээнд ЧИНБАТЫН УНДРАМ сангийнхаа хүрээнд 10 гаруй томоохон ажлууд хийж гүйцэтгэсэн.
Posted by Undram Chinbat

Leave a comment