Skip links

Ч.Ундрам: Боловсролын чанарыг ярья гэвэл ерөнхий боловсролоос нь эхлэх хэрэгтэй

-Юуны өмнө өөрийнхөө талаар танилцуулна уу?

-Манай аав, ээж хоёр Орост оюутан байхдаа Свердловск хотод намайг төрүүлсэн. Аав маань геологийн мэргэжилтэй хүн. Ээж маань улс төрийн философи, нийгмийн шинжлэх ухааны мэргэжилтэй. Аав минь ШУТИС-ийн багш хүн байсан. Хээрийн судалгаагаар аавыгаа их дагаж хөдөө явдаг байлаа. Энэ бүхэн маань байгалийн шинжлэх ухаанд ойр, элэгтэй өсгөсөн л дөө. Ээжийгээ дагаад явахаар балет, дуурь, музей их үзнэ. Орос тавдугаар цэцэрлэг, 23 дугаар сургуулиар суралцаж төгсөөд Америкт ахлах сургуульд сураад, Англи улсад бакалавр, магиср, Япон улсад эдийн засгийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалсан. Эх орондоо ирээд 10 жил МУИС-т ажилласан бөгөөд сүүлийн зургаан жил МУИС-ийн удирдлагын багт ажиллаж байгаа. “Рио Тинто” ХК-ийн “Оюу Толгой” төсөл, Дэлхийн банкны төслийн хүрээнд “Эрдэнэс МГЛ” ХХК-ий төслийн судалгааны багийн зөвлөх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн удирдагч зэргээр судалгаа, стратегийн менежментээр тасралтгүй ажилласан.

-Та МУИС-ийн элсэлтийн бодлогыг шинэ түвшинд хүргэхээр зорьж ажилласан хүн.  Хот, хөдөөгийн боловсролын ялгаа хэр мэдрэгдсэн бэ?

-Миний бие сургалтын бодлого, элсэлтийн бодлого дээр төвлөрч ажиллаж байсан. Захиргаа, дотоод хамтын ажиллагаа, одоо санхүү төлөвлөлт гээд бүхий л шат дамжлагыг дамжсан. Энэ хооронд МУИС  гэдэг бол улсын стратегийн томоохон байгууллагын нэг учраас улс оронд хэрэгтэй судалгаа, шинжилгээ хийгддэг. Төрийн зүгээс болон сургуулийн зүгээс шат шатны бодлого шаардлагатай юм байна гэж үзсэн. Манай сургууль 21 аймаг, есөн дүүргийн хамгийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулж авахын тулд маш их бодлоготой ажилладаг байлаа. Энэ хүрээнд орон нутгаар явж байхад хот, хөдөөгийн боловсролын ялгаа маш их байгаа нь анзаарагдсан. Хүүхдүүдийн хичээлдээ хандаж байгаа хандлагаас эхлээд л харагддаг л даа. Хөдөө, орон нутгийн сургуулиуд лаборатори байхгүй, багш нарыг чадавхжуулах сургалт хангалтгүй байдаг юм байна гэх мэт асуудлуудыг олж харсан. Хүүхдийн боловсролын чанар ялгаатай байна гэдэг ирээдүйд амьдралын чанар ялгаатай болно оо л гэсэн үг. Тэгэхээр энэ чинь шударга бус. Яг л адилхан анги танхим, сургалтын хөтөлбөрөөр сураад өрсөлдөөнөөс ялгарах нэг өөр. Орон нутгийн хүүхдүүдийн боловсролд анхаарах хэрэгтэй юм байна гэж харсан.

-Залуу хүний хувьд хүүхдүүдийн боловс­ролын чанарыг нэмэгдүүлэхийн тулд юун дээр анхаарч ажиллах шаардлагатай гэж бодож байна вэ?

-Анх их сургуульд ажиллаж байхдаа их сургуулиа яаж хөгжүүлэх вэ гэж боддог байсан.  Гэтэл сууринаасаа буюу ерөнхий боловсролын сургуулийг л эхлээд хөгжүүлэх ёстой юм байна. Ерөнхий боловсролын сургуульд зааж байгаа хөтөлбөрийг их сургуулийн хөтөлбөртэй уялдаа холбоотой болгох, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалаар ажлын байрны шинж чанар өөрчлөгдөж, олон мэргэжил үгүй болж, шинэ мэргэжил үүснэ. Хүний тогтвортой амьдрал бол эрүүл, боловсролтой, ажлын байртай байх шүү дээ. Ирээдүйн шинэчлэлд мэдлэг боловсролын хувьд хүүхдүүдийг бэлтгэхгүй бол ирээдүйд ажлын байрны шаардлага хангахгүй болно. Ажилгүйдэл нэмэгдэх тусам улс орны байдал маш хүнд байдалд орох нь тодорхой.  Энэ тал дээр хувь хүний хувьд, ээж хүний хувьд, багш хүний хувьд маш их санаа зовж байна. Миний хувьд оюуны уурхай болсон энэ сургуульд ажиллаж байгаагийн хувьд, залуу хүний хувьд дуу хоолойгоо хүргэн гэж боддог доо.

-МУИС төгсөгчид дэлхийн зах зээлд ямар боловсон хүчин болж гарч байна вэ?

-МУИС бол 44 тэнхимтэй, 98 бакалаврын хөтөлбөртэй. Манай хуулийн сургуулийн төгсөгч нар ихэнх нь олон улсын байгууллага, томоохон хуулийн фермерүүдэд ажилд ордог. Мэдээллийн технологийн төгсөгчид төгсөхөөсөө өмнө ажлын байртай болчихдог. Ихэнх нь Америк, Япон, Солонгост шигшигдээд явчихдаг. Бид тооноос илүү чанарт анхаарч элсэлтийнхээ тоог жил бүр бууруулж байгаа. Нэг багшид ойролцоогоор 18  оюутан ногдож байгаа бол 2024 онд гэхэд 15 болгож бууруулна. Энэ нь сургалтын чанарт шууд нөлөөлнө гэсэн үг. Орон даяар хуулийн сургууль гэхэд жилд 150 хүүхэд л элсүүлж байгаа.

-Та саяхан Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд биологийн лаборатори  байгуулж өгсөн. Энэ ажил таны зорилгын нэг хэсэг гэж харж байна?

-Ерөнхий боловсролын сургуулийн чанарт анхаарахын тулд юун түрүүнд өөрийнхөө нутаг болох Зүүнхараагаас эхэлсэн. Аав маань Усны аж ахуйн газарт томилогдон ажиллаж байхад нь хамт очиж байсан болохоор хүүхэд насны дурсамж энэ нутагтай холбоотой. Зүүнхараагийн сургууль шинэ сургууль учир туслах  төгсөгчгүй. Бусад сургуулийн төгсөгч нар нь төрөлх сургуулиа маш их анхаарч, тусалж дэмждэг дээ. Тэр жишгээр нэг ч лабораторигүй байсныг нь биологийн лаборатори нээж өгөх бодол төрсөн. Сургуулийн захирлаас нь “Яаж нэг ч лабораторигүй байгалийн шинжлэх ухааны хичээлээ заадаг юм бэ? гэж асуухад яамаар хоёр жил хөөцөлдсөн боловч бүтээгүй гэсэн. Багш нар нь өөрсдийн гарын авлага, нөөц бололцоогоороо болгодог гэсэн. “Чинбатын Ундрам” хөгжлийн сангаасаа санхүүжүүлж, олон улсын стандартад нийцсэн тавилга бүхий лаборатори захиалж, тоног төхөөрөмжийг үндсэн үйлдвэрлэгч нараас нь аваад тус лабораторийг тохижуулж өгч, өнгөрөгч сарын сүүлээр нээлтээ хийсэн.

-“Чинбатын Ундрам” хөгжлийн сангийнхаа тухай танилцуулна уу, хэзээ байгуулагдсан бэ?

-Таван жилийн өмнө “Чинбатын Ундрам” хөгжлийн сан байгуулсан. Энэ санг байгуулах болсон шалтгаан нь “Өнөр бүл” гэдэг хүүхдийн асрах төвд ээж маань хүүхдүүдэд тусалж дэмжихээр хандсан. Хүмүүс нэг удаагийн бэлэг, чихэр жимс, ном, хоол хүнс, тусламжийн хувцас хунар өгдөг юм байна лээ. Гэтэл хүүхдүүдийн маань ор, хөнжлийн хэрэглэл нэлээд муудаж элэгдсэн байсан тул ээж маань шинэ ор дэрний даавуу, гудас хөнжил авч өгсөн. Хүүхдүүд талархсан сэтгэлээ илэрхийлж “Миний мөрөөдөл” зохион бичлэг бичиж өгчээ. Хүүхдүүд нь бичиж өгөөд уншиж байтал нэг охин “Би жирийн хүүхэд шиг л баймаар байна” гэсэн байсан. Тэр охиныг дөнгөж төрөнгүүт ээж нь гадаа орхиод явсныг нь хүн олоод Эх нялхсын эмнэлэгт аваачиж өгсөн аж. Өдгөө 13 настай охины жирийн хүүхэд шиг л байж чадахгүй байгаа шаналан бол эрүү нүүрний гажигтай, сэтэрхий уруул, тагнайтай байсанд юм. Гадаад төрхөөс нь болж түүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд оруулчихсан байжээ. Оюун санааны хувьд эрүүл хүүхдэд нэг заасан юмаа 10  өдөр давтаж заана гэдэг шийтгэл бөгөөд сургалтын хувьд үеийнхээ хүүхдүүдээс хоцрогдсон байв. Ээж маань тэр охины талаар надад хэлж туслах тухай ярилцсан. Сэргэлэн нүдтэй охин миний хайрыг эрхгүй татаж, түүнд туслахаар шийдэж, “Чинбатын Ундрам” сангаа үүсгэн байгуулсан. 2015-2017 онуудад охинд гурван удаагийн хагалгаа амжилттай хийлгэж, охины хүслийг биелүүлсэн. Охин өдгөө МСҮТ-д сургуульд орж, дотуур байранд шилжсэн.

-Сангийнхаа төсөв мөнгийг хэрхэн босгож байна вэ?

-Найз нөхөд, танил талаасаа мөнгө босгоод нийгэмд чиглэсэн, хүнд хэрэгтэй зүйлсийг хийе, бүтээе гэж зорьдог.  Биологийн лабораторийн хувьд 32 сая төгрөгийн өртөгтэй боссон. Энэ тоног төхөөрөмж, лабораторио ашиглаж, хүүхдүүдээ ирээдүйд хэрэгтэй боловсон хүчин бэлтгээрэй гэж багш нартаа захисан. Багш, сурагчид маш их баярласнаа илэрхийлж, элсэлтийн ерөнхий шалгалтынхаа дүнг өсгөн  гэж амласан. Сангийн санхүүжилтийг дэмждэг гол эх үүсвэр нь аавын маань компани юм. Гэвч хүмүүсийн зүгээс манайд туслаач гэсэн хандлага ихээр ирэх  болсон. Гэтэл бид мөнгө ургуулдаггүй шүү дээ.

-“Чинбатын Ундрам” хөгжлийн сан нь өмнө нь нийгэмд чиглэсэн ямар, ямар ажил зохион байгуулж байсан бэ?

-Жижиг дунд үйлдвэрлэл явуулдаг байгуул­лага, бичил бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдэд хэд хэдэн сургалт зохион байгуулсан. “Чинбатын Ундрам” хөгжлийн дараагийн ажил бол Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн Хэрх тосгоны цэцэрлэгийн ойн арга хэмжээнд туслалцаа үзүүлсэн. “Спирт бал бурам” ХХК-ы дэргэдэх хүүхдүүдийн волейболын клубт бөмбөг, тор, бөмбөгний сав зэргийг авч өгч байсан. Манай сангийн зүгээс хүүхдүүдийн боловсролд хандсан ажлуудыг дэмжиж ажиллана. Олон авьяаслаг хүүхдүүд бидэнд хандаж, гадаадад тэмцээнд оролцох зардал хүсэж байгаа бөгөөд боломжоороо шийдсэн. Хүүхэд бүхний  энэ хүслийг гүйцэлдүүлэх боломжгүй учраас аль болох олон хүүхэд хамарсан оюунлаг ажлыг  хийе гэж бодож байна.

-Биологийн лаборатори дээрээ түшиг­лэж цаашид энэ чиглэлийн олимпиад явуулах, боловсон хүчин бэлтгэх бодол тээж яваа байх?

-Ирэх нэг дэх өдөр Зүүнхараагийн ерөнхий боловсролын сургуулийн Байгалийн шинжлэх ухааны багш нар ирнэ. МУИС дээр чиглэл чиг­лэлийнхээ багш нартай нэг өдөр сургалт хийж, лабораториудаар орж танилцана. Мөн түүнчлэн МУИС-ийн элсэлтийн бодлого болоод мэргэжил сонголтын талаарх багш нар­тай ярилцана. Тэр үеэр цаашид хамтран зохион байгуулах биологийн лабораторийн удир­дамжийг ярилцаж, биологийн чиглэлийн олимпиад зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.

-“Чинбатын Ундрам” хөгжлийн сангийн тухайд цаашид хүрээгээ тэлэх ямар бодлого баримталж байна вэ?

-Он гаргаад олон нийтийн дунд санхүүжилт шаардлагатай төсөл бичээд сангийнхаа ажилд илүү анхаарч ажиллана. Энэ нь цаашлаад хийх ажлын маань царааг тодорхойлно шүү дээ. Сангийн маань ажилд тусалж дэмждэг бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье.

Эх сурвалж: ZINDAA.MN

Leave a comment