Монгол мөрөөдлийг бүтээгч
Монгол хүмүүний оюуны их уурхай болсон Монгол Улсын Их сургуулиар зочлохуй эрдэм номын орон, их хүсэл тэмүүллийн ертөнцөд нэвтэрч буйг эрхгүй мэдрүүлэх аж. Тус сургуулийн Сургалтын нэгдсэн албаны дарга Чинбатын Ундрам хэмээх оюунлаг нэгэнтэй хөөрөлдөх завшаан тохиолоо. Үг бүрээ нухацтай бодож ярих түүнээс эрдмийн хүний даруу төлөв зан, ид хийж бүтээж яваа залуу хүний эрч хүч мэдрэгдэнэ.
Ч.Ундрам эмээгийн сургаал, ээж аавын үлгэр дуурайллаар өсөж торнин орос цэцэрлэг, сургуульд ерөнхий боловсролоо эзэмшжээ. Ахлах сургуулиа холын Америкт сурагч солилцоогоор суралцан төгсөж, уран зураг сонирхон бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, уран зургийн коллежид элсэн ороод байв. Гэвч айлын том хүүхэд хариуцлагатай бай гэсэн ээж, аавын үг сургамжийг сонсоод бизнесийн удирдлагын мэргэжил эзэмшихээр Английн Лондон хотноо Олон улсын Америкийн их сургуульд элсэн оржээ. Ээж аав нь охиндоо боловсрол эзэмшүүлэхийн тулд байраа зарж, сургуулиа төгсөж ирээд байр авах үүрэг өгч сургалтын эхний төлбөрийг нь хийсэн байна. Ээж аавынхаа өгсөн үүрэг даалгаврыг Ундрам биелүүлсэн юм.
Оюутан Ундрам суралцахын зэрэгцээ цагийн ажил хийж бүх зардлаа өөрөө олдог болов. Ажиллаж амьдрах, хичээллэх цагаа нарийн хуваарилан суралцсаар бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй боллоо. Дипломоо хамгаалахад нь ээж дүү хоёр нь Лондонд ирээд, хувцсаа гандтал нь өмсөж бүх зардлаа өөрөө зохицуулан амьдарч буй түүнийг ихэд өрөвдсөн гэдэг. Энэ бол 2004 он байлаа.
Ундрам бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрт суралцав.2005 онд магистрын зэргээ хамгаалаад Монголдоо ирж, сонины зараас Дэлхийн зөн байгууллагын ажлын зар хараад шалгуулан тэнцэж төслийн мэргэжилтнээр ажиллаж эхлэв. Энэ үед бичил бизнес эрхлэгчдэд бизнесийн сургалт явуулж, бүх гутлынхаа өсгийг элэгдтэл гэр хорооллоор алхаж, хүмүүст зөвөлгөө өгч тэдний зовлон бэрхшээлийг сонсон өрөвдөж, заримдаа нойр нь хүрэхгүй уйлж хоносон удаа цөөнгүй. Ийнхүү түүний ажлын анхны гараа Монголын бизнесийн ертөнцийн анхдагч түвшинд эхэлсэн юм. Удалгүй бизнесийн томоохон байгууллагуудад эрчим хүчний төслийн маркетингийн менежер, банкны нөөцийн газрын мэргэжилтнээр ажиллаж байгаад Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуурт тэнцэж докторант болов. Энэ бол 2006 он байлаа.
Ундрам Япон улсын Нагоя хотын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуулийн докторантурт суралцаж 2010 онд Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалав. Түүний докторын судалгааны бүтээл өдгөө гадаад оронд ном болон хэвлэгдэж amazon.com сайтаар зах зээлд борлогдож буй юм.
Ч.Ундрам 2010 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд ахлах багшаар ажиллаж эхэлснээр Менежментийн тэнхимийн эрхлэгч, профессор болж 2011-2012 оны шилдэг залуу багшаар шалгаран, 2013 онд Томсон Ройтерсийн индекстэй хэвлэлд бүтээлээ нийтлүүлсэн эрдэмтдэд өгдөг МУИС-ийн цомыг хүртэж байв. Тэрбээр 2013 оноос МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны дарга, 2014 оноос МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны даргаар ажиллаж байна.
2015 онд Монгол Улсын Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор Ч.Ундрамд МУИС- ийн дэд профессор эрдмийн цол олгожээ.
Ч.Ундрам Монголын болон олон улсын 10 гаруй байгууллагад гишүүнчлэлтэй бөгөөд Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн дэргэдэх Өрсөлдөөний микроэкономиксийн институтын Монгол Улс дахь координатор, Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч, JCI ОУБ-ын Монгол дахь Импакт салбарын 2017 оны Ерөнхийлөгч, Японы мэдээлэл болон менежментийн холбооны гишүүн зэрэг хариуцлагатай, нэр хүндтэй сонгуульт ажлуудыг хийж байна.
Тэрбээр бизнесийн болон төрийн 14 байгууллагад зөвөлгөө өгч, захиалгат ажил гүйцэтгэн төслийн Монгол талын удирдагч, багийн ахлагчаар итгэл хүлээн ажиллаж байв. Ч.Ундрамын өнөөг хүртэл хийсэн олон улсын эрдэм шинжилгээний бүтээлүүдийг Томсон Ройтерсийн индекстэй 3, бусад 5, олон улсын хурал семинарт илтгэл тавьж нийтлүүлсэн 8, судалгааны нэг сэдэвт бүтээл 8, сурах бичиг, гарын авлага 4 хэмээн тоогоор илэрхийлж болох хэдий ч энэ бүхний ард түүний оюуны бүтээлч хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэл нуугдаж буй.
Монгол хүн бүр дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж Монгол Улсынхаа нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах мөрөөдөлтэй байдаг. Зах зээлийн тогтолцоонд дөнгөж шилжиж байсан 1999 онд Ундрам охин яг л ийм мөрөөдөл өвөрлөн хээрийн галуу нисэн үл хүрэх алсыг зорьсон билээ. Өнөөдөр Чинбатын Ундрам хэмээх эрдэмтэн бүсгүй шинэ цагийн салхийг мэдрүүлэхээр түрэн ирж буй залуусын тэргүүн эгнээг түүчээлэн айсуй. Тэр бол Монгол мөрөөдлийг бүтээгчдийн нэг, эрхэмсэг агаад үлэмж төгөлдөр монгол бүсгүй билээ.
ИННОВАЦИ БҮТЭЭХ СУДЛААЧИД МОНГОЛД Ч, ДЭЛХИЙД Ч ХЭРЭГТЭЙ БАЙНА
-Та докторын судалгааны сэдвээ уул уурхайн чиглэлээр сонгосны шалтгаан нь юу байсан бэ?
-Сэтгэлээ зориулан хийж болох өөр сэдэв олон байсан. Гэвч мэдээлэл нь надад найдвартай эх сурвалжаас олдох боломжтой байсан сэдэв энэ л байсан учраас сонгосон. Үгүйдээ л гэхэд аавтайгаа ярилцаж байгаад зарим мэдээллийг хаанаас олох учраа олоод авчихна. Мэдээлэл бүр нь баталгаажсан эх сурвалжаас олдох боломжтой байсан нь давуу тал болж байлаа. Энэ сэдвээрээ Нагояагийн их сургуульд Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
-Судалгааны ажил хийхээр төлөвлөж байгаа залууст энэ мэдээлэл чинь их хэрэгтэй юм байна.
-Тийм ээ. Өөрөөр хэлбэл, судалгааны ажил үр дүнтэй болох нэг үндэс нь мэдээллийн эх сурвалж хэр баталгаатай вэ гэдгээс шууд хамааралтай гэж ойлгож болно.
-МУИС-ийн Эдийн засгийн сургуульд ямар туршлага хуримтлуулсан бэ?
-МУИС-ийн Эдийн засгийн сургуульд ахлах багшаар орж ажиллахад хамт олон маань их сайхан хүлээж авсан. Надад олон зүйлийг зааж сургасан гэж боддог. Бид шинэлэг сэтгэлгээгээр ажиллахыг хичээдэг байлаа. Тэнд хичээлийн хөтөлбөр боловсруулж, оюутнуудад үр өгөөжтэй хэлбэрээр зааж сургах ажилд нэлээн сайн суралцсан.
-Сургалтын нэгдсэн албанд ирээд хамгийн түрүүнд юуг олж харж байв?
-Энд ирж байж л МУИС гэдэг айл хэчнээн өргөн цар хүрээтэй том байгууллага болохыг мэдэж авч байлаа. Эхлээд Эдийн засгийн сургуульдаа ажиллаж туршлага суусан маань их хэрэг болсон.
ӨНӨӨДӨР ЧИНБАТЫН УНДРАМ ХЭМЭЭХ ЭРДЭМТЭН БҮСГҮЙ ШИНЭ ЦАГИЙН САЛХИЙГ МЭДРҮҮЛЭХЭЭР ТҮРЭН ИРЖ БУЙ ЗАЛУУСЫН ТЭРГҮҮН ЭГНЭЭГ ТҮҮЧЭЭЛЭН АЙСУЙ.
-МУИС либерал арт системийн шинэ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн гол агуулгыг хэрхэн тодорхойлох вэ?
-Дээд боловсролтой хүн гэдэг ухагдахуунд нийцэх боловсон хүчнийг бэлтгэхийг зорьж байна. Энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд бид маш их судалгаа хийсэн. Ялангуяа ажил олгогчдын саналыг их тусгасан. Тухайн байгууллагад ямар боловсон хүчин хэрэгтэй, ямар ур чадвар эзэмшсэн байж ажил хийх вэ гэдэгт нэлээд анхаарсан. Мөн тухайн боловсон хүчин маань шинжлэх ухааны өргөн суурь мэдлэгтэй, олон талын ур чадвартай болсны үндсэн дээр мэргэжлээ сонгож мэргэжлийн мэдлэг, чадвар, хандлага эзэмших байдлаар хөтөлбөрөө боловсруулсан.
-МУИС-ийн хувьд сургалтын төлбөрийн систем маш хатуу. Тогтсон хугацаанд хичээлээ сонгож төлбөрөө шилжүүлж байж хичээл сонголт нь баталгааждаг. Энэ систем одоогоор зөвхөн МУИС-д л байгаа. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ бол ирээдүйн Монголын боловсон хүчнийг цэгцтэй, зохион байгуулалттай хувь хүн болон төлөвшихөд нь нөлөөлөх нэг чухал хүчин зүйл юм. Ажлын байран дээр гараад ажлын төлөвлөгөө, тайлангаа долоо хоногийн дотор өгөх ёстой байлаа гэхэд хугацаанд нь өгч чаддаг болоход нь нөлөөлөх нэг дадал юм. Эс тэгвэл юу ч хийсэн дахиад жаахан хойшлуулчихъя гээд байдаг болчихвол хэцүү биз дээ? /инээв/ Цагийн юм цагтаа гэдэг менежментэд сургаж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болно.
-Ер нь боловсролын салбарт шинэчлэлт хийхэд хэдий хэр хугацаа зарцуулагддаг юм бэ? МУИС-д хийсэн шинэчлэлийн хөтөлбөрийн үр дүн хэзээ харагдах вэ?
-Боловсролын салбарт шинэ хөтөлбөр нэвтрүүлэхэд маш их цаг хугацаа зарцуулагдана. Дээд боловсролын салбарын хөтөлбөрийг шинэчлээд дөрвөн жилийн дараа анхны үр дүн гарч үүн дээрээс анхаарах зүйл, засаж залруулах үзүүлэлтүүдийг бүрэн харж дахин боловсруулах боломжтой болно. Сайжруулах процесс тасралтгүй явагдах ёстой. Бид ч багаараа хамтарч боловсруулаад хэрэгжүүлж байгаа хөтөлбөртөө үнэлгээ, дүн шинжилгээ хийж дахин сайжруулж л байна.
-Социализмын үед дээд сургуулийн оюутнуудад багш нар сонгодог урлагийн тоглолт үзэх даалгавар өгдөг байсан гэдэг. МУИС-ийн хувьд гоо зүйн боловсролд хэр анхаарч байна вэ?
-Хичээлийн хөтөлбөрийн хүрээнд суурь мэдлэг нь өргөн хүрээтэй байхад нэлээд анхаарсан. Оюутнууд хичээлээ өөрсдөө сонгож үзнэ. Ерөнхий суурь хичээлүүдийн тоонд урлаг судлалын хичээл орсон байгаа.
-Нэг хэсэг Багшийн дээд сургуульд муу сурлагатнууд сурдаг гэж их яригддаг байлаа. Үүний хор хохирлыг амссан бүхэл бүтэн үе бий. Босго оноо нь өндөрссөнөөр байдал өөрчлөгдөнө гэж харж байгаа. Таны ярьснаас үзвэл дунд боловсролын тогтолцоонд шинэчлэлт хийхэд бүр ч олон жил зарцуулагдах нь ээ?
-Хөтөлбөрийн үзэл баримтлалыг шинэчлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд багш нарын сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй байдаг гэж би боддог. Багш нар нь өөрчлөгдөж байж багшаар хичээл заалган бэлтгэгдэж байгаа оюутан, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн сайжирна. Тэр нь цаашаа хүүхдүүдийн сэтгэлгээ, хувь хүний хөгжилд нөлөөлнө. МУБИС сүүлийн жилүүдэд их сайжирч байгаа гэж би хардаг. Гэхдээ хүмүүс яагаад ихэвчлэн гадаад хэлтэй хувийн ерөнхий боловсролын сургуульд хүүхдээ сургах сонирхолтой байгаад байна гэдэг нь бас л анхаарах зүйлийн нэг. Манай хүүхэд гэхэд америк сургуульд сурдаг. Үнэхээр ээж ааваасаа асууж байгаа асуулт, сонирхож байгаа зүйл, өөрөө бие дааж аливаа зүйлийг судлах оролдлого хийж байгаа зэргээс сургалтын системийнх нь давуу тал харагддаг. Хүүхдийг өөрөө бие дааж хөгжих чиглэл рүү илүүтэй хөтөлж байна. Тэгэхээр манай дунд боловсролын тогтолцоонд цаашид ч шинэчлэх, сайжруулах шаардлагатай зүйл цөөнгүй байгаа болов уу.
Төслийн менежмент, Уул уурхайн бизнесийн менежмент гэсэн хоёр ном бичиж байна
-Таны үзэл бодол, төлөвшилд хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?
-Миний ээж аав хоёр. Би их ялгаатай түүх, соёл, уламжлалтай газар сурч, ажиллаж, амьдарч байсан хүн. Гэхдээ ээж аавын минь надад өгсөн багын хүмүүжил нь явсаар байгаад өнөөдрийн миний төлөвшил, үзэл бодолд их нөлөөлсөн байх гэж боддог.
-Заримдаа хүний үзэл бодолд кино, эсвэл ном нөлөөлдөг. Тийм зүйлээс гэвэл?
-Нэг цахим сэтгүүлээс надад олон нийтэд санал болгох арван ном бичээд өгөөч гэсэн хүсэлт ирээд би бичиж өгч байсан юм. Тэр арван ном бол бүгд өөр өөр байдлаар миний үзэл бодолд нөлөөлсөн. Нэг нь “Өсвөр насны хүүхдэд эзэмшүүлэх долоон дадал” гэдэг англи хэл дээрх ном байсан. Намайг 16 нас хүрэхэд миний амьдарч байсан америк айлын ээж нь тэр номыг төрсөн өдрөөр минь бэлэглэсэн юм. Тухайн үед энэ номыг уншаад хүний амьдралд юу хамгийн чухал юм бэ гэдгийг мэдэхэд, мөн өөрөө хамгийн чухал зүйлсээ эрэмбэлж жагсаагаад хийх зэрэг зөв дадал хэвшүүлэхэд минь их нөлөөлсөн гэж боддог. Хичээл ном, найз нөхөдтэй уулзах гээд аль нэгийг нь сонгох салаа зам байдаг. Гэхдээ нэгийг нь сонгочихвол нөгөө зам нь байхгүй болно шүү гэдэг тийм сургаалыг надад өгч байсан. Энэ номноос би “Хичээлээ хаях ёсгүй юм байна. Зарим үед найз нөхдөдөө завгүй гэж хэлээд нөгөө замаа сонгох ёстой юм байна” гэх зэрэг хүмүүжлийг олж авч байлаа. Үүнтэй ижил маш олон ном, зохиолууд миний бодол, хандлагад нөлөөлж байсан.
-Оюутан байхдаа уншсан номнуудаасаа ямар номыг онцлох вэ?
-Оюутан байхдаа Наоми Клейний No logo гэдэг номыг уншиж байсан юм. Энэ номонд дэлхийн нэр хүндтэй брэндүүд яаж хүмүүсийг хямдхан ажиллуулаад ямар өндөр үнэтэйгээр олон тоо ширхэгээр нь бараагаа зарж, бид бүгд логонд нь буюу брэндэд мөнгө төлөөд байдаг вэ. Мөн орон нутгийн чанартай бараа бүтээгдэхүүнийг дэлхийн брэндүүд үгүй хийж байна. Орон нутгийн бүтээгдэхүүн нь өөрийн гэсэн соёл, ахуйн бүх онцлогийг шингээсэн, зарим талаар илүү чанартай, ёс зүйтэй байдлаар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд байдаг юм шүү гэсэн агуулгатай ном байлаа. Тэр номыг уншаад би Nike, Adidas ч гэдэг юмуу эдгээр брэндийн цаана юу байдгийг их сайн ойлгож авч байсан. Мөн маркетингийн хичээлийн хүрээнд үзэж байсан номыг уншаад тамхи, архины үйлдвэрүүд маркетингаа хүүхдэд нөлөөлөх байдлаар яаж хийдэг байсан юм гэдгийг мэдэж авдаг ч юмуу, мэргэжлийн чиглэлийн болон энгийн өөрийгөө хөгжүүлэх чиглэлийн номууд нөлөөлөх үе байна. Өөр талаар нөлөөлсөн ном гэвэл Күнзийн сургаал. Докторант байхдаа Күнзийн төрсөн нутагт очиж багшийнхаа зохион байгуулсан хуралд оролцох үеэр надад англи хэл дээрх Күнзийн сургаал бэлэглэсэн юм. Уншаад үзэхэд үнэхээр сайхан сургаалууд байдаг юм билээ. Үүнтэй адил хэлээд байвал олон ном бий.
-Күнзийн сургаалаас юу нь таны анхаарлыг хамгийн их татав?
-Нэг сургаалд нэгэн оюутан нэлээн удаан Күнзийн дэргэд суралцаж байгаад явахынхаа өмнө “Багшаа би хэр их юм сурсан бэ?” гэж асууж л дээ. Багш нь газарт таягаараа нэг бөөрөнхий зурж гэнэ. Тэгэхээр нь гайхаад, “Тэгвэл би хэр их юм сураагүй вэ” гэж асуужээ. Багш нь яг адил бөөрөнхий зуржээ. Юу гэсэн үг вэ гэхээр, мэдэх тусмаа л би маш их юм мэдэхгүй гэдгээ мэдэх нь байна л даа. Энэ мэтчилэн Күнзийн сургаалд үнэхээр айхтар ухаантай зүйлс байдаг. Сүүлд нь МУИС-ийн профессор М.Чимидцэеэ багшийн орчуулсан Сүнзийн сургаалыг бас уншсан. Түүн дээр их суртахуйн тухай буюу их сургууль гэж юу байдаг талаар их тодорхой философи байсан. Би өөрөө их сургуульд ажиллаж байгаа хүний хувьд эндээс нэлээн ухаарлыг олж авсан. Ер нь ном унших тоолондоо л би хүмүүждэг, юм сурч авдаг. Хүн өнөөгийн ертөнцөд дуртай номоо хэвлүүлээд зарж болж байна. Тэгэхээр аливаа хүн ном сонголтондоо цензуртай хандах ёстой юм. Зөв номоо олоод унших тоолондоо хүн хүмүүжиж ухааждаг гэж би боддог.
-Одоо таны ширээний ном ямар ном байдаг вэ?
-Одоо бол миний ширээний ном Майкл.Е Портерийн “Өрсөлдөөний тухай” /On competition/. Энэ номноос “Өнөөдөр өрсөлдөөн гэдгийг ямар түвшинд харах ёстой юм. Улс орны түвшинд өрсөлдөх чадвараа сайжруулахад зөвхөн компани өөрөө ч биш төрийн байгууллагууд, их дээд сургуулиуд, компаниуд хамтарч байж тэр том глобал өрсөлдөгч нартай өрсөлддөг юм байна” гэсэн зүйлийг мэдэж авсан. Ажил дээр бол сургалтын арга зүйтэй холбоотой судалгааны бүтээлүүд голчлон байна даа.
-Танд өөрийн автортой хэдэн ном байна вэ?
-Докторын судалгааны ажлаараа ном гаргасан маань amazon. com дээр зарагдаж байна. Бусад хүмүүстэй хамтарч гаргасан ном нэлээн хэд бий. Өөрөө бичиж байгаа ном маань яваад л байгаа. Шинээр ном бичнэ гэдэг бол асар их хөдөлмөр байдаг юм байна. Сүүлийн 10 жилийн судалгаагаа ном болгож байгаа ч зарим зүйл хангалтгүй санагдаад нэмж судалж байгаа. “Төслийн менежмент”, “Уул уурхайн бизнесийн менежмент” гэсэн хоёр ном бичиж байна.
-10 жил хийсэн судалгаандаа үндэслээд ном бичнэ гэхээр нэлээн нягт нямбай ажиллагаа орсон, хүмүүст хэрэгтэй бүтээл болж байгаа юм байна даа.
-Тийм л ном гаргамаар байна. Хязгаарлагдмал нөөц болох цааснаас гадна өөрийн цаг, уншигчийн цагийг хэрэггүй юманд үрж зарлагадмааргүй байна л даа.
-Залуу хүний хувьд бүтээж туурвих, ажиллах он жилүүд өмнө тань хүлээж байна. Холын болон ойрын ямар зорилт тавьж байгаа вэ?
-Ажлын хувьд МУИС-ийнхаа хөгжлийн төлөө хамт олонтойгоо нийлээд нэлээд том ажлуудыг төлөвлөөд явж байна. Мөн судлаач хүний хувьд судалгааны ажлууд төлөвлөж байгаа. Ном бүтээлүүд хэвлэж гаргах, дэлхийн хэмжээний сэтгүүлүүдэд судалгааны бүтээлээ нийтлүүлэх гээд ойрын зорилтууд нэлээн байна. МУИС-ийнхаа сургалтын хөтөлбөрийг илүү боловсронгуй болгох тал дээр өдөр бүр л ажиллаж байгаа.
Хэт их санхүүгийн дарамтад өөрсдийгөө болон гэр бүлээ оруулаад байна уу гэж харагддаг
-Монгол мөрөөдөл гэдгийг хэрхэн тодорхойлж хэлэх вэ? Америк мөрөөдөл гэсээр байгаад улс нь ч, хүмүүс нь ч тодорхой амжилтад хүрсэн. Яг үүн шиг Монгол мөрөөдөл гэж бий болгомоор санагддаг юм. Таны бодлыг сонсъё.
-Та бид хоёр яг адил зүйлийг бодож явдаг юм байна /инээлдэв/. Би хоёр жилийн өмнө аавынхаа төрсөн нутгийн Сэлэнгэ аймгийн залуучууддаа зориулаад төрийн ордон дотор “Монгол мөрөөдөл” гэдэг илтгэл тавьж байсан юм.
-Тийм үү?
-Илтгэлдээ би юу гэж хэлсэн гэхээр “Намайг анх 15 настай Америкт очиж байхад америк мөрөөдөл /Аmerican dream/ гэж зүйл байсан. Зарим хүмүүс америк мөрөөдлөө биелүүллээ, түүнд хүрлээ гэж ярьдаг байлаа. Ард иргэд нь америк мөрөөдөл гэдэг концепци дээр нэгдсэн ойлголттой байв. Энэ нь зарим реклам, зар сурталчилгаа, зурагт хуудас дээр хүртэл ойлгомжтой буусан байдаг. Жишээлбэл нэг зурган дээр нэг их том биш, дунд зэргийн хаус, форд машин байна. Гэр дотор аав нь ажлаасаа тараад орж ирж байна, тэгэхээр тэр хүн ажил төрөлтэй байна гэсэн үг. Ээж нь ширээ дүүрэн хоол бэлдэж байна. Хоёр хүүхэд сургуулиасаа ирээд хоолоо идэх гээд ажилтай аав, боловсрол эзэмшиж буй хүүхдүүд, элэг бүтэн амьдрал, дээр нь гэр оронтой, машинтай сайхан амьдарч байна. Энэ бол америк мөрөөдлийг ойлгуулахаар тийм тодорхой дүр зургийг гаргасан зураг дүрслэл байсан юм. Ихэнх хүмүүс нь дундаж амьдралтай, элэг бүтэн, унах унаа, амьдрах байшин, идэх хоолтой, боловсролоо эзэмшээд явж байна. Та өөрөө хөдөлмөрлөх юм бол таны шашин шүтлэг, яс үндэс, хүйсийг үл харгалзан танд тэр боломжийг энэ улс олгоно гэсэн зүйлд гол философи нь явдаг юм билээ. Тэгэхээр бид ч бас мөрөөдлөө тодорхойлох цаг болжээ.
-Хятад улс гэхэд мөрөөдлөө тодорхойлчихлоо шүү дээ?
-Ши Жин Пин гарч ирээд “Хятад мөрөөдөл” буюу дундаж давхрагын чинээлэг хятадуудын тоог өсгөнө гэсэн зорилт тавьсан. Хос 100 гэж Хятадын коммунист намын 100 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойг угтаад төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Ши Жин Пинийг төлөвлөгөөгөө зарлах үед л би бодож байсан юм. Монголчууд бид ер нь юу хүсдэг юм бол. Социализмын үед бүгд социализмаар дамжуулаад коммунизмд хүрнэ гэсэн мөрөөдөлтэй байсан. Түүний төлөө Улс ардын аж ахуйн төлөвлөгөөтэй. Тэр төлөвлөгөөгөө жил болгон биелүүлнэ. Бүгд оролцоно. Зорилгоо бүгдээрээ мэддэг. Бүх хүнээр энэ зорилгыг уншуулж, давтуулж нэг ёсондоо ойлгуулах, сануулах үйл явц явагддаг байлаа. Тэр зөв тогтолцоо байсан уу, буруу тогтолцоо байсан уу гэдгийг өнөөдөр би ярих гээгүй. Ямар ч байсан тийм зүйл байсан. Дараа нь ардчилсан тогтолцоог бий болгоно гээд ардчилал, хүний эрхийг дээдэлсэн нийгэм байх ёстой гэдэг шинэ мөрөөдлийг гаргаж ирсэн. Тэр мөрөөдөл өөд олноороо зориод тодорхой хугацаа өнгөрч байна. Гэтэл өнөөдөр нэгдсэн мөрөөдөл байхгүй, бүгд л гадаадад мундаг улс орон луу яваад үзчихсэн. Нэг нь Солонгос шиг, нөгөө нь Америк шиг, эсвэл Герман шиг болмоор байна гээд бүгд л өөр өөр юм хараад өөр өөрийнхөө шалгуур цензурээр хүсээд байдаг. Уг нь миний хүүхэд байх үеийг бодвол өнөөдөр бид боломжтой болчихжээ. Цалингаа цуглуулж байгаад ойрхон ч гэсэн гадаад дотоод явна. Хүссэн номоо олоод уншчихна, телевизээр янз бүрийн олон кино гарч байна. Дуртай хувцсаа аваад өмсчихнө. Гэтэл бүгдээрээ цамхаг, үнэтэй машин, брэндийн цүнх, хувцас хүсээд байна.
-Харин тийм.
-Тийм зүйл уг нь нэг их хэрэггүй шүү дээ. Гэтэл манайхан хэтэрхий материаллаг тийшээгээ хандчихсан байгаагийн дээр нэлээн хэцүү амьдралтай нийгмийн хэсэг бүлэг ч байна. Тэгэхээр бид яг юу хүсээд байгаа юм бэ гэдгээ л тодорхойлох ёстой юм. Ямар байвал бид аз жаргалтай байх юм бэ? Аягүй бол цамхаг аваад ч аз жаргалгүй байж магадгүй шүү дээ.
-Цамхагаа авчихсан ч ямар нэгэн юм дутуу. Монгол яагаач үгүй, хөгжихгүй байна гэж яриад л /инээлдэв/.
-Тэгэхээр дор дороо яавал би аз жаргалтай байх юм. Одоо надад хангалттай юм байгаа юм биш үү гээд бодож үзэх хэрэгтэй байх. Мөрөөдөлдөө хүрээгүй байгаа нь би ямар түвшинд хүрмээр байна. Ямар түвшинд хүрчихвэл би аз жаргалтай болох юм. Түүндээ хүрэхийн тулд би юу хийж хөдөлмөрлөх юм бэ? Эсвэл юу сурчихаад ажиллавал мөрөөдөлдөө хүрэх юм бэ? Өөр өөрийнхөө мөрөөдөлд хүрэх төлөвлөгөөг гаргах ёстой байх, тийм ээ. Түүнээс Элбэгдорж ерөнхийлөгч, эсвэл Энхболд дарга миний мөрөөдлийг тодорхойлж өгөхгүй. Би өөрөө аз жаргалтай амьдармаар байна. Юу ч авсан аз жаргалгүй байдаг бол надад хэцүү. Тэр бүхнийгээ л хувь хүн өөрөө сайн тодорхойлох ёстой юм шиг байгаа юм.
-Бүгдийг төр засгаас шаарддаг сэтгэлгээ их байна л даа.
-Ерөөсөө улстөрчид л болохгүй байна гээд байгаа ганган гоё хувцас хунартай аз жаргалгүй хүмүүс олон байна л даа /инээлдэв/. Өөрсдөөс нь юу ч шалтгаалаагүй юм шиг энэ сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй байх.
-Эсвэл монголчуудын мөрөөдөл илүү оюунлаг байх ёстой юм болов уу?
-Би бол тийм гэж бодож байна. Манай зарим найз нар гэр бүлийн санхүүгийн асуудал хэцүү байна, ээж аав, хадмууд ойлгодоггүй гэж их ярьдаг. Бодоод байсан чинь бидний ээж аавын үед бүгдээрээ нийтийн унаагаар явж улсын цэцэрлэг, сургуульд хүүхдээ өгөөд л, нэг их гангалах хэрэгцээ шаардлага байхгүй, хэт их хэрэгцээгүй мөртлөө аз жаргалтай хүмүүс байсан байгаа юм. Тэр үеийн хүмүүс дотоод сэтгэлдээ, оюундаа их баян байжээ гэж харагддаг.
-Яг үнэн.
-Гэтэл өнөөдөр миний үеийнхэн бүгд л лизингээр байртай, авсан цалингаа амьдралдаа хүргэх гээд л явж байна. Гэтэл түүндээ сэтгэл хангалуун биш байгаа. Үнэндээ аль ч оронд очсон дөнгөж гуч гараад л байртай болчихдог тийм орон байхгүй шүү дээ. 40, 50 гартлаа лизинг төлж байж байртай болж байгаа. Тэгэхээр хэтэрхий их санхүүгийн дарамтад өөрсдийгөө болон гэр бүлээ оруулаад байна уу даа гэж би бодсон.
-Театр үздэг ч юмуу, сайн ном авч гэрийнхээ номын санд тавиад таашаалтайгаар уншдаг ч юмуу. Тэгж амьдралыг баясгахгүй бол зөвхөн мөнгө бодоод л яваад байвал мөнгөний шунал бол хязгааргүй биз дээ?
-Ямар ч хүн санхүүгийн хувьд сахилга баттай байх нь зөв гэж боддог. Дүү маань Японд сурдаг юм. Япон найзуудынх нь зарим нь нэлээн чинээлэг айлын хүүхэд. Тэдэнд аав ээж нь ер нь бага талдаа мөнгө өгөөд, тэр залуучууд өөрсдийнхөө сарын орлого зарлагыг бичиж тэмдэглэдэг, зарцуулалт дээрээ хянуур хандаж байхыг би харж байсан юм. Ээж аавын өгсөн мөнгөний хэдэн хувийг нь би зугаа цэнгэлд зарцуулчихав, хэдэн хувийг нь хоол, ном, хувцсанд зарцуулав гээд аав ээж нь анализ хийлгэдэг гэнэ. Тэгэхээр хэчнээн чинээлэг айл байлаа ч гэсэн хүүхдээ тийм нарийн санхүүгийн сахилга баттай болгож сургаж байна. Баян айлын хүүхэд гээд илүү ганган байгаа юм огт алга. Бусад хүүхдүүдтэй яг адил өмсөж эдлээд, нийтийн тээврээ хэрэглээд л явж байна. Тэгэхээр санхүүгийн сахилга баттай, хүсээд байгаа зүйлдээ бас жаахан хязгаартай амьдардаг тийм амьдрал л их чухал юм шиг байгаа юм. Үүнийг багаас нь хүүхдүүддээ ойлгуулаад, тэднийг хэтэрхий их материаллаг зүйл хүсэхгүй байхад сургаж, зөв хүмүүжлийг олгох ёстой юм болов уу гэж боддог.
БАЛЕТ, ДУУРЬ, МУЗЕЙ ҮЗДЭГ ХҮҮХЭД БАЙЛАА
-Та найз нөхөд, нөхөрлөлийн үнэ цэнийг хэрхэн тодорхойлж хэлэх вэ?
-Хүн нас нэмэх тусам найз нөхдийнхөө үнэ цэнийг илүү их мэдэрдэг юм болов уу. Жаахан байхад найз нөхөд маш олон байдаг ч тэд нарынхаа үнэ цэнийг тэр бүр ойлгодоггүй. Нас явах тусам хүний амьдралд жаргах зовох янз бүрийн асуудал гардаг. Тэр үед чамтай хоёр нүүргүйгээр харьцдаг тийм хүмүүс цөөхөн байдаг юм билээ. Тэд нар л жинхэнэ найзууд юм. Жинхэнэ найз бол өөрийг чинь өөрчилж байж өөрийнхөө найз болгох гэж хичээдэггүй. Яг байгаагаар чинь хүлээж авдаг. Эцэг эх, эхнэр нөхөр, гэр бүлээс арай өөр төрлийн яг өөрөөрөө байж болох тийм орчныг найз нар өгдөг байх гэж боддог.
-Брэндийн цаадах амьдралын тухай No logo ном таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Брэндийн хувцас өмсдөг үү?
-Би Англид магистрт сурч байхдаа тодорхой хэмжээнд брэндийн хувцас авч байсан. Одоо бол ганц хоёр хувцас маань брэндийнх. Гэхдээ брэндэд би маш бодлоготой ханддаг. Хамгийн сүүлийн загварын цүнх болгоныг авах, хувцсаараа уралдах гэж огт хичээдэггүй. Намайг сурч байх үед Burberry-гийн цувыг Лондонгийн оффист ажилладаг хүмүүс өмсдөг байсан. Би нэлээн удаан мөнгөө цуглуулж байгаад л авсан. Хамгийн гол нь насаараа өмсөнө гэж бодож авсан. Бусад хувцас маань их энгийн. Үнэтэй хувцас маш ховор. Монгол ноолуур, Uniqlo, солонгосын жижигхэн дэлгүүрээс авсан гутал гээд өнөөдрийн хувцаслалтад үнэтэй юм байхгүй гэж болно. Пальто бол Японд байхдаа 10 жилийн өмнө авсан пальто. /инээв/ Бас л насаараа өмсөнө гээд кашемир пальто авсан. Брэндийн хувцсыг огт өмсөхгүй гэж туйлширдаггүй.
-Яг социализмын үеийн хүмүүжил харагдаад байна. Тэр үед хүмүүс насаараа өмсөнө гэж үнэтэй хувцас аваад түүнийгээ насаараа өмсдөг байлаа шүү дээ.
-Манай ээжийн залуудаа өмсөж байсан зарим хувцас одоо ч надад байдаг юм. Ер нь хувцсаа чанарыг нь бодоод төлөвлөж байгаад авдаг. Сэтгэл хөөрөл бол байхгүй. Бодлогын чанартай ганц хоёр сайн хувцас байгаа /инээв/.
-Үлгэр дуурайл авмаар л юм байна. Брэнд хөөж, бусадтай эн тэнцүү харагдах гэж зүдэрч буй охид бүсгүйчүүд харагддаг шүү дээ.
-Тийм юмны төлөө зүдрэх нь үнэхээр тэнэг зүйл гэж бодож байна.
-Насаараа өмсөх хувцас авна гэдэг чинь биеийн галбираа хадгална гэсэн үг. Их дэглэмтэй хооллодог уу?
-Бас нэг их туйлширдаггүй. Гэхдээ жилд хоёр удаа энгийн алимны мацаг барина. Оройд аль болох бага хоол иднэ. Огт идэхгүй гэж өөрийгөө стрессд оруулдаггүй. Оюуны ажил хийж байгаа хүнд уураг чухал учраас мах их иддэг. Долоо хоногт нэг удаа тахианы мах, нэг удаа загасны мах, бусад нь хонь үхрийн мах. Мах, ногоог хослуулна. Жимс их иднэ. Өглөө болгон ус ууна. Энгийн.
-Үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн эмэгтэй хүний хувьд чухал. Таны сонголтыг сонирхъё.
-Chanel-ийн Allure, мөн Coco-г хэрэглэдэг байсан. Саяхнаас Dyrberg/kern брэндийн ус бэлгэнд аваад түрхсэн чинь гоё санагдаад одоо хэрэглэж байгаа. Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд энгийн талдаа. Японд сурч байгаа дүү маань надад их зөвлөдөг. Аль болох органик бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээдэг.
-Монголынхоо ямар бүтээгдэхүүнийг хэрэглэх дуртай вэ?
-Монгол ноолуураа өмсөх маш дуртай. Гоо сайхны Lhamour болон Seaberry-гийн бүтээгдэхүүнээс өөрөө ч хэрэглэнэ, гадаад найз нартаа ч бэлэглэдэг. Яагаад гэвэл миний Монголд үйлдвэрлэсэн нүүр улайхааргүй сайхан бүтээгдэхүүн. Үнэ нь ч боломжийн. Сүү ХК-ийн сүүг байнга авдаг. Оргио тахианы махыг хүнсэндээ хэрэглэдэг. Аарууланд их дуртай. Ховдын хурууд аарууланд би бүр ч их дуртай. Одоо ч миний аяганд байна /инээв/. Хамт ажилладаг хүмүүсээ Ховд явахад нь би тэр ааруулыг л захидаг. Чацаргана, аньс, боргоцойт самраа хэрэглэнэ. Хамт ажилладаг хүний маань гэр бүлийн хүн биологийн ухааны доктор. Тэднийх гэр бүлийн хэрэгцээндээ зориулаад ямар ч пестицидгүйгээр ногоо тарьдаг. Түүнээс нь худалдаж авч байцаа, луувангаа хэрчиж бэлдэн хөлдөөгөөд өвөлжин хэрэглэсэн. Үнэхээр сайхан амттай, шинээрээ байж чаддаг юм билээ. Байцаа нь шөлтэй хоол хийхэд бүр сайхан. Энэ өвөлжингөө хүүхдүүддээ өгч байгаа ногоондоо сэтгэл хангалуун байсан.
-Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг гэж ойлгож болох нь ээ?
-Дэмждэг. Гэхдээ би хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Үнэхээр органик сайн бүтээгдэхүүн байвал авна.
-Таны гарын хоол юу вэ?
-Долоо хоногт нэг удаа гэртээ шинэ хоол хийж идэх зорилго тавьдаг. Манай нөхөр бид хоёр амттай, эрүүл хоолонд дуртай. Аль болох шинэлэг хоолыг хоёулаа youtube-ээр харж байгаад л хийдэг. Мэдэхгүй юм гараад ирвэл youtube багшаасаа асууна аа гээд л. /инээлдэв/
-Нөхөртэйгээ хэзээ анх танилцаж байв? Та хоёр чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Миний нөхрийг Наранцацралт гэдэг. Дунд ангиасаа л нэг нэгнээ мэднэ. Бид хоёр зэргэлдээ байрны хүүхдүүд. Гэрлээд есөн жил болж байна. Хоёр хүүхэдтэй. Нөхөр маань бизнесийн салбарт ажилладаг. Бид хоёр бас бие биендээ цаг гаргана л даа. Хоёулаа кино үзэх дуртай. Хааяа шинэ ресторанд орж шинэ төрлийн хоол амтална. Байнга очих дуртай ресторан ч байгаа. Бид хоёрын чөлөөт цаг хомс болохоор ихэнх цагаа хүүхдүүдтэйгээ өнгөрүүлдэг. Өвөл хүүхдүүддээ цанаар гулгахыг зааж өгье. Зун болохоор усанд сэлж сурахад нь тусалъя гээд төлөвлөгөө гаргадаг болсон. Энэ өвөл том хүүхдэдээ цанаар гулгахыг зааж өгсөн. Дараа өвөл бол тэшүүр заагаад бага хүүхдэдээ цанаар гулгахыг зааж өгнө.
-Та хоёр хоёулаа цана, тэшүүрээр гулгадаг уу?
-Би тэшүүрээр гулгаж сурна. Тэгэхээр надад бас заана. /инээлдэв/
-Усанд сэлдэг биз дээ?
– Сэлнэ. Японд жирэмсэн эхчүүд дасгал хийх ёстой байдаг. Тэнд жирэмсэн эхчүүдийн сэлэлтийн хичээлд явж байгаад сэлж сурсан.
–Хүүхдэдээ өөрийн гараар хувцас оёж, нэхэж өгөх цаг гардаг уу?
-Одоо бол тийм цаг гардаггүй. Гэхдээ том хүүхэд маань их бүтээлч. Гайхалтай зурна. Янз бүрийн юм хийнэ. Өнгөрсөн зун нэвтэрхий толиос хүүхэлдэйн театрын тухай уншаад, өөрөө хүүхэлдэйн театрын тайз цаасан хайрцгаар хийж, хүүхэлдэй хийгээд шүдний чигчлүүр дээр тогтоогоод “Хоёр баавгайн хайр” гэдэг жүжиг зохиосноо бидэнд тоглож үзүүлсэн. Эмээ нь их тусалсан юм билээ.
-Таны хувьд хүүхэд цагийн ямар дурсамж хамгийн тод үлдсэн байдаг вэ?
-Ээж маань оёх нэхэх үйлд маш уран, аав гэрийнхээ бүх тавилгыг хийнэ, тэд гэртээ ногоогоо дарна. Ээж аав хоёр маань үнэхээр зүгээр суудаггүй хүмүүс байсан. Зуслангийн байшингаа аав маань өөрөө барьсан. Ээж бол миний ихэнх хувцсыг нэхдэг, эсвэл оёдог байсан. Зах зээлийн үе эхэлж байхад ээж надад нэхэхийг заагаад өгчихсөн байлаа. Би юм нэхэх их дуртай. Нэхсэн юмнуудыг ээж ажил дээрээ аваачаад борлуулчихдаг байсан юм. Цагаан сараар найз нар маань миний нэхсэн оймсыг бэлгэнд авдаг байлаа /инээлдэв/.
-Сонгодог урлагийн тоглолтуудаас ямар үзвэр үзэх дуртай вэ?
-Балет, дуурьт их дуртай. Ээж маань сургууль төгсөөд Музей удирдах газрын дэд даргаар томилогдсон юм. Ээжид балет, дуурийн урилга их ирдэг байлаа. Чио Чио сан дуурь, Хунт нуур бүжгэн жүжигт их дуртай. Үзээд ханахгүй. Сүүлд Японд Хунт нуур балет, Евгений Онегиний операг дахин үзсэн. Урлаг соёлд ойр, балет, дуурь, музей их үздэг хүүхэд байлаа. Анх жаахан хүүхэд байхад динозавртай учраас Байгалийн түүхийн музей их сайхан санагддаг байсан. Ухаан суугаад ирсэн чинь Богд хааны ордон музей хамгийн их таалагддаг болсон. Маш их соёлын өвийг хадгалсан, хамгийн сайн үзмэртэй музей. Гадаадынхан ирэхээр хамгийн түрүүнд л тийшээ дагуулж явдаг.
ХАМГИЙН ГОЛ НЬ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ИННОВАЦИ, МЭДЛЭГ БИЙ БОЛГОДОГ БҮТЭЭГЧИД НЬ БАЙХГҮЙ БОЛОХООР ЭДИЙН ЗАСАГ САЙЖРАХГҮЙ БАЙНА
-Япон соёл, Англи соёл, Америк соёл гээд гадаад орны соёлоос сэтгэлд их тод үлдсэн ямар үзвэр, музей байдаг вэ?
-Лондонд Парламентын ордны гүүрний нөгөө талд Сальвадор Далигийн музей байдаг. Тэр маш сайхан музей. Мөн Луврын музей хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Жаахан байхдаа Эрмитажийг ээжтэйгээ хамт үзэж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны бөмбөгдсөн ором шатнаас нь эхлээд л харагдаж байсан нь их сонин санагдаж байсан. Францын Версалийн ордон гайхалтай. Саграда фамилиа бол Италийн гайхамшигтай архитектур, урлагийн бүтээл. Мөн Японы Алтан сүм үнэхээр үзэсгэлэнтэй. Гадна талдаа нууртай, зэн маягийн бясалгаж болохоор газар ч юм шиг.
-Та ер нь бясалгадаг уу?
-Бясалгана гэдгийг би өөрийнхөөрөө ойлгоод хийдэг. Өөрөөр хэлбэл би маш их боддог. Би юу хийчихэв, би цаашид юу хийх вэ гээд өөрийнхөө амьдралаар, зорилгоор их бясалгадаг. Надад хамгийн чухал зүйл юу вэ, би хаашаа явж байна гэдгээ тунгааж боддог. Хэт их ажил, стресс, ачаалал, зовлон жаргалын үед хүн хааяа чиглэлээ алдчих гээд байдаг шүү дээ. Тийм учраас би үе үе “За би чинь ямар зорилготой билээ, би хаана хүрмээр байгаа билээ, одоо би юу хиймээр байна, миний юу болохгүй байна, юуг засмаар байна” гээд их боддог. Тэгж байж жолоогоо зөв тийш нь буцааж татна. Бясалгахад тэр нь л их чухал юм болов уу гэж хардаг.
-Шашин шүтлэгт хэрхэн ханддаг вэ?
-Би Америкт христийн шашинтан айлд амьдарч байсан. Христийн шашны сүмд намайг авч явдаг байлаа. Усыг нь ууж байсан учраас ёсыг нь дагаж шашныг нь хүндэтгээд очдог байсан. Тэр үед би Библийн хуучин гэрээ заалгасан юм. Христийн шашинтан хүмүүс юуг хүндэтгэдэг юм, ямар ойлголттой байдаг юм гэдгийг тодорхой хэмжээнд ойлгож авсан. Одоо ч хүндэтгэлтэй ханддаг. Нөхөр маань бурхан шашны ном их уншдаг, “Бодь мөрийн зэрэг” номыг хэд хэдэн удаа уншсан учраас надтай энэ талаар их хуваалцдаг юм. Би дэргэдээ лам багштай хүн шиг л байдаг /инээв/. Бурханы номыг тодорхой хэмжээнд уншаад илүү сайн ойлгохыг хичээж байгаа. Тарнийн хүч гэж байдаг ч мухраар шүтэхийг хүсдэггүй. Философи талаас нь харах их сонирхолтой. Одоо би “Гэгээрэлд хүрэхүй” гэдэг ном уншиж байна. Энэ номоо бясалгаад бодож ойлгохын тулд их удаан уншиж байгаа.
-Та бизнес хөгжлийн чиглэлээр олон байгууллагад зөвлөгөө өгч байсан. Манай бизнесийн орчинд юу дутагдаж байна гэж хардаг вэ?
-Төрийн байгууллага, бизнесийн олон байгууллагад зөвлөгөө өгч байсан. Төрийн байгууллагын хувьд улс төрийн бодлого нөлөөлдөг учир боловсон хүчний нөөц сайн биш, мөн тогтворгүй байдгаас үр дүн багатай. Бизнес эрхлэгчдийн хувьд урьдчилан судалгаа хийхгүйгээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эсвэл үйлчилгээ нээдэг хандлага их байна. Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь яг хэнд зориулагдсанаас хамаарч урьдчилсан зах зээлийн судалгаа хийж, юу нь хэрэглэгчдэд таашаагдах, юу нь үл таашаагдах вэ гэдгийг тодорхойлж байгаад орвол их оновчтой шийдэл болмоор харагддаг. Мэдээж бизнесийн орчныг зохицуулсан хууль, дүрэм журам, стандартын тогтолцоог илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Манай зах зээлийн багтаамж бага учраас экспортын чиглэлийг хөгжүүлэх нь илүү үр дүнтэй юм болов уу гэж хардаг.
-Экспортын гэснээс таныг нэг бизнест хүчээ үзэж байгаа гэж сонссон юм байна. Энэ тухайгаа тодруулж ярих боломжтой юу?
-Миний хувьд аавынхаа бизнест тусалдаг. Мөн экспортын нэг төрлийн бүтээгдэхүүн хийж Японы зах зээлд нийлүүлж туршиж байна. Тодорхой үр дүн гарч баталгаажсаны дараа л энэ тухай ярья даа.
-Та Монголынхоо ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?
-Монголын ирээдүй гэхээр миний хүүхдийн өсч байгаа орчин, цаашид амьдрах орчин юм. Олон байшин барилга нэмж баригдаасай гэж хүсэхгүй. Харин аюулгүй, эрүүл, амьдрахад таатай орчин бий болоосой гэж хүсдэг. Идэж ууж байгаа зүйлс, амьсгалж байгаа агаар нь цэвэрхэн, хүний эрхийг хүндэлдэг, ёс суртахуунтай, ёс зүйтэй, тайван амгалан, сайхан амьдарчихдаг тийм орон байгаасай гэж хүсдэг.
-Гадаад орны их сургуульд багшилж байсан хүний хувьд Их сургуулийнхаа ирээдүйг ямраар төсөөлмөөр байдаг вэ?
-Өнгөрсөн хоёр жил би Шведийн Люлея технологийн институтэд зочин багшаар очиж нэг сар багшилсан юм. Тэнд үнэхээр амьдралын чанар өндөр байгаа нь мэдрэгдэж байлаа. Өглөө 8 цагтай уралдаад л ажил дээр ирэхэд багш нар бүгд ирчихсэн, багш нарынхаа амралтын өрөөнд кофе уугаад өглөөний сонин эргүүлж, ажлаа ярьж байгаад 7.55 гэхэд хичээлээ заах нь заагаад, ажлаа хийх нь хийгээд явчихна. 10 цагийн үед дахиад нөгөө өрөөндөө кофегоо ууна. 11.30-аас цувраад хоолондоо ороод 15.30 гэхэд ажлаасаа гараад явчихна. Эрт тараад юу хийдэг вэ гэж асуухаар зарим нэг нь хүүхдээ сургуулиас авна, гэр бүлээрээ сууж хоолоо идээд, ярилцах юмаа ярилцчихаад, ном сонингоо уншаад суудаг гэж байгаа юм. Үүний цаана ажил амралтаа зөв зохицуулж байгаа байдал харагдаж байна. Ингэж ажиллаж байгаа хүмүүсийн бүтээмж үнэхээр өндөр байдгийг тэнд харсан юм. Би 12 сарын үед тэнд байсан болохоор жилийн ажлаа дүгнэх тэнхимийн хуралдаанд нь оролцсон. Багш нар нь “Би энэ жил 2-3 эрдэм шинжилгээний өгүүлэл, тийм судалгаа, ийм ч ном бичсэн” гээд тэнхимийн хамт олны бүтээл нь арвин байлаа. Манай энд нэг багш жилд 2-3 өндөр зэрэглэлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлнэ гэдэг бол том үзүүлэлт. Гэтэл хүн харахад кофе ууж сууж байгаад л 2-3 өгүүллийг том том сэтгүүлд хэвлүүлчихсэн байгаа юм. Тэгэхээр хүн зөв хэмнэлтэй амьдраад, богино хугацаанд маш үр бүтээлтэй ажилладаг дүр зураг тэндээс харагдаж байна. Монгол ийм болоосой гэж бодож байна.
-МУИС англи хэл дээр шинжлэх ухааны сэтгүүлүүд гаргадаг биз дээ?
-Тодорхой чиглэлүүдээр нь гаргадаг.
-Их л хязгаарлагдмал хүрээнд тархдаг байх даа?
-Монголдоо хэвлүүлсэн сэтгүүлийг дэлхийн олон хүн олж үзэхгүй. МУИС-ийн хувьд зөвхөн өөрийн сэтгүүлд төдийгүй олон улсын, чадварлаг эрдэмтэд хянан магадлагаа хийдэг импакт фактор бүхий сэтгүүлд нийтлүүлдэг өгүүллийн тоогоороо сүүлийн жилүүдэд улсдаа тэргүүлж байна.
-Эрдэм судалгааны чиглэлээр ажиллах залууст хандаж юу зөвлөх вэ?
-Хүмүүс мэргэжил сонголт дээр зөвлөгөө өгөөч гээд ирэхэд нь би мэдээж хүүхэд өөрөө сайн судалж байгаад шийдвэрлэхийг зөвлөдөг. Гэхдээ байгалийн шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр мэргэжлээ сонговол, энэ мэргэжлийн хүмүүс бодит зүйлийг бүтээдэг хүмүүс гэж би боддог учраас илүү чухалчлан тайлбарладаг. Энэ чиглэлээр тэтгэлэг ч илүү их олддог. Хүмүүсийн амьдралын тодорхой асуудлыг инноваци, шинэ бүтээгдэхүүн бүтээж сайжруулдаг, бодитой хувь нэмэр оруулах мэргэжилтэн болох нь чухал. Хүүхдүүд ЕБС-д байхаасаа энэ чиглэлийн хичээл дээр илүү анхаарч судлах шаардлагатай. Ялангуяа математикийн суурьтай хүмүүс ямар ч мэргэжил сонгосон бусдаас давуу байх нь их. Иймд математикийн хичээлд онцгой анхаарах хэрэгтэй. Мөн монгол хүнийхээ хувьд, энэ глобал ертөнцөд ажиллаж амьдрах учраас эх хэл болон гадаад хэлний чадвар сайн байх нь чухал. Энэ гурван зүйл дээр онцгой анхаарч, багаас нь хичээл номондоо хичээгээд байгалийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжил эзэмших юм бол Монголын үйлдвэрлэл, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах хүмүүс бий болно. Монголдоо хими технологиор сурсаар байгаад гадаадын химийн лабораторид ажиллаж болно. Эргэж ирээд эх орондоо инноваци хийж болно. Манай улсын хувьд хамгийн гол нь шинэ бүтээгдэхүүн, инноваци, мэдлэг бий болгодог бүтээгчид нь байхгүй болохоор эдийн засаг сайжрахгүй байгаа юм. Шинэ бүтээгдэхүүн, инноваци бүтээх судлаачид Монголд ч, дэлхийд ч хэрэгтэй байна.
Zindaa.mn