Skip links

Ч.Ундрам: Нийгэмд баялаг бүтээдэг нь Компаниуд, ШУ-ны байгууллагууд байдаг.

 iKon.mn сайтын "Өглөөний хүн" ярилцлагын булангийн зочин Ч.Ундрам, Гэрэл зургийг Б.Бямба-Очир

iKon.mn сайтын “Өглөөний хүн” ярилцлагын булангийн шинэ зочныг та бүхэндээ уулзуулж байгаад баяртай байна.

Энэ удаа бид оюуны их далай болсон МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Ундрамтай ярилцлаа.

АНУ-д ахлах сургуулиа дүүргэж, Англид Бизнесийн удирдлагаар бакалавр, магистрын зэргээ хамгаалж Япон улснаа доктор болсон тэрбээр өнөөгийн шинжлэх ухаан, боловсролын салбарт тодрон гарч ирж буй чадварлаг залуу эрдэмтдийн нэг билээ. 

Ч.Ундрамын бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны бүтээлүүд олон улсад өндрөөр үнэлэгдэж түүний дисертацийн ажлыг Amazon.com дээр 64 доллараар борлуулж байна.

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилж байна.


– Уншигчдад маань зориулж өөрийгөө товч танилцуулахгүй юу?
– Баярлалаа.

Аав, ээж маань Свердловск  хотод оюутан байх үед би тэнд төрж өссөн. Монголдоо ирээд 23-р сургуульд суралцаж байгаад солилцоогоор АНУ-д ахлах сургуулиа төгссөн.

Үүний дараа Англид бакалавр, магистрийн зэргээ хамгаалаад Монголдоо ирж нэг жилийн хугацаанд MCS болон Голомт банкинд ажиллаж байгаад Япон улсад докторын зэрэг хамгаалахаар явсан. Нагояагийн их сургуульд Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.  Төмрийн хүдрийн ил уурхайн төсөлд симуляци дүн шинжилгээ ашиглаад оптимизаци хийх аргын талаар судалгаа хийж докторын зэргээ хамгаалсан.

– Таныг их сайн зураач гэж сонссон юм байна. 
– Бага байхад гэрт маань зураач Т.Нурмаажав хамт амьдардаг байлаа. Бид хоёр нэг өрөөнд хамт байсан.  Энэ хүнээс бурхан зурах арга барилыг заалгаад зурдаг болчихсон байсан.

Ингэхдээ бурхан шашны цаад нарийн утга учрыг нь мэддэггүй л зурдаг байлаа. Энэ үед би өөрийгөө зураач болно гэж боддог болсон байв. Тэгсэн эмээ маань бурханг хамаагүй хүн зурж болдоггүй юм, чи болохгүй байх аа гэсэн. Тэгээд ч удалгүй зах зээл болж надад зургийн хэрэгсэл зэргийг  авч өгөх боломжгүй болсон. Бас дүүтэй ч болсон. Ингээд зургаа хаясан даа.

“Уран зургийн үзэсгэлэн гаргаж зургаа зарж олсон орлогоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивлаж байлаа” Ч.УНДРАМ

Харин Америкт очсон хойно зургийн хичээл сонгоод эргээд зураг зурах сонирхол маань сэргэсэн. Сюрреалист зургуудад сонирхолтой болоод Сальвадор Далиг шүтдэг болсон. Урлагийн талаар арай илүү ойлголт, мэдлэгтэй болж авсан үе байв. Тэндээ уран зургийн үзэсгэлэн гаргаж зургаа зарж олсон орлогоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивлаж байлаа. Зураач болохоор тухайн үедээ өөртөө шийдчихсэн байсан.  Савенна арт коллежид орохоор материалаа өгөөд тэнцчихсэн байсан үе. Харин Монгол зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй амьдрал хэцүү байсан. Ялангуяа урлагийнхны амьдрал сайнгүй байсан гэдэг.

Тиймээс ч аав, ээж маань зураач болох саналыг маань дэмжээгүй. Монголд ирээд чамд ажлын байр олдохгүй, айлын том хүүхэд хариуцлагатай байх ёстой гэж сануулсан. Эцэг, эхийнхээ захиасыг ойлгож ухамсарлаад бизнесийн удирдлагаар суралцсан юм. 

Энэ шийдвэрийг гаргахаас өмнө Европоос ирсэн найз маань Английн тухай их ярьдаг байсан. Тиймээс ч Англи руу бизнесийн сургуульд элсэхээр болж Их Британид оюутан болсон. 

–  Одоо зургаа зурдаг уу?
–  Хааяа цаг заваараа зурахыг хичээдэг. Гэхдээ залуугийнх шигээ онгод ордог үе өнгөрсөн байна лээ. Одоо дуурайж зурж техникүүдээ сэргээж байгаа. Гэхдээ будаг шунх нэлээн хурц үнэртэй учраас нялх хүүхдэд маань сайнгүй байна. Дээрээс нь үндсэн ажил маань их байгаа учраас төдийлөн зурж чадахгүй л байна.

– Монголд ирсэн хойноо хамгийн анх “Дэлхийн зөн” байгууллагад ажиллаж байсан гэсэн. Тэнд ямар ажил хийдэг байсан бэ?
– Тийм ээ.

Эх орондоо ирсний дараа сонин эргүүлж байтал “Дэлхийн зөн”-д ажилтан авна гэсэн зарын дагуу гүйж очоод шалгалт өгөөд тэнцсэн. Энэ байгууллагад ердөө нэг сар ажилласан. Гэхдээ нэг сарын хугацаанд Долоон буудал, Амгалан, Шар хад гэсэн газруудаар явж жижиг, дунд бизнес эрхэлдэг хүмүүст хичээл заадаг байсан. Хэрхэн бизнес төлөвлөгөө гаргах, санхүүгээ хянах, нягтлан бодох бүртгэлээ яаж хийх, зээл авах гэх мэт хичээл заадаг байсан.

“Долоон буудал, Амгалан, Шар хад гэсэн газруудаар явж жижиг, дунд бизнес эрхэлдэг хүмүүст хичээл заадаг байсан”

Миний хувьд бүх л төлөвшлийн үеэ гадаадын сайхан оронд өнгөрүүлсэн. Тиймээс нэг сарын хугацаанд ч болов Монголынхоо жинхэнэ бодит амьдралтай танилцах боломж байсан болов уу. Хүмүүс үнэхээр хэцүү амьдарч байгаа юм байна. Ийм амьдрал маш их байна гэдгийг сайн ойлгож авсан. Нэг сар болох хугацаанд бүх гутлын өсгий маань байхгүй болж байх жишээтэй. Үнэхээр захын хороололд амьдрал ямар байгааг ойлгож, мэдэрсэн. Тэр үед миний хичээлд ихэвчлэн эмэгтэйчүүд ирдэг байлаа. Тэд ирээд зовлон, жаргалаа их ярина.

Сургалтад маань маск оёж зардаг нэг эмэгтэй ирдэг байлаа.  Харамсалтай нь нөхөр нь ирээд зодож, дарамталж байгаад эргэлтийн мөнгийг нь авчихдаг байсан. Хаяа хичээлдээ ирж чадахааргүй болтол гэмтчихнэ. Ийм амьдрал маш их. Тухайн үед би өөрөө нас бага байсан учраас энэ бүгдийг сонсоод сэтгэлээр их унадаг байлаа.

Түүнээсээ болж ядаргаанд ороод өвдөөд ажлаасаа гарахаар шийдсэн. Аав, ээж хоёр маань намайг залуу хүн юм чинь өөр ажил хий, харин жаахан төлөвшсөн хойноо ийм олон нийтийн ажил хийх нь дээр юм байна гэсэн.

Үүний дараа мөн л сонин эргүүлж суутал “Голомт” банк ажилтан авна гэсэн зар байсан.  Ингээд “Голомт”-ын Нөөцийн удирдлагын газар орсон. Тэндээс банкны үйл ажиллагааны талаар ойлголттой болсон. Ингээд ажиллаж байтал MCS-ээс ажлын санал ирж MCS-т ажиллахаар шийдсэн дээ.

– Удалгүй Япон явсан байх. Тийм үү?
– Тийм ээ.

Монголдоо ирээд нэг жил болсон хойно юм. Бас л сонин эргүүлээд сууж байтал Японы Засгийн газрын тэтгэлэгт магистр, докторт сурах шалгалтын зар гарсан байсан. Шалгалт өгөөд шат шатанд нь тэнцээд доктор хамгаалах боломж бүрдсэн юм.

РИО ТИНТО, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”, “ЭРДЭНЭС МОНГОЛ”, МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЗЭРЭГ ОЛОН ТӨСӨЛД ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ ӨГЧ БАЙСАН

– Докторын ажлынхаа тухай тайлбарлаж өгөхгүй юу?
– Анх Японд очсон хойно судлаач оюутан статустай болсон. Нэг жил хэл соёлыг нь сурах, докторын шалгалтад бэлтгэх хугацаа өгдөг юм байна лээ.

Мөн удирдагч багш маань миний хандлагыг ажигладаг нэг жил өнгөрсөн. Тэр хооронд мөн докторын сургалтанд тэнцчих юм бол ямар судалгааны ажил хийх вэ гэдгээ бичиж өгдөг.

Нэг жил бодсоны дүнд докторын ажлаа нийгмийн аливаа  асуудлыг шийдсэн судалгааны ажил хийвэл зүгээр юм болов уу гэж бодсон. Монгол Улсад хог, утаа гээд олон асуудал байдаг. Гэвч би инженер хүн биш бизнесийн удирдлагын чиглэлээр сурсан учраас эдийн засгийн ухааны доктор зэрэг горилж байсан. Тиймээс миний хувьд дээрх сэдвүүдийг барьж авахад жаахан хүнд байсан.

Гэхдээ хүндрэлтэй байсан ч тухайн үед агаарын бохирдлыг  хэрхэн бууруулж болох вэ гэсэн санал бичээд докторын сургалтад тэнцэж байлаа. Харин дараагаар нь энэ талаар тоон мэдээлэл, судалгаа Монголоос олдоход хүндрэлтэй тулгарсан. Удирдагч багш маань Тоёота, Сумитомо зэрэг Японы хамгийн том корпорациудад оптимизацийн чиглэлээр зөвлөгөө өгдөг хүн.

Оптимизаци гэдэг нь аливаа үйл ажиллагааг хамгийн зөв дараалал, урсгалд тооны аргаар оруулахыг хэлнэ. 

Багш нар маань докторант оюутнуудаа судалгааны туслах ажилтнаар ажиллуулдаг. Заримыг нь хичээл заалгаж хичээлийн туслах ажилтнаар ажиллуулдаг.

Бид нар удирдагч багшийнхаа аль хий гэсэн бүгдийг нь хийж судалгааны арга зүй, хичээл заах арга зүйд суралцаад явдаг байсан. Энэ хугацаанд надад оптимизаци хийж байгаа аргачлал нь маш их таалагдсан. Энэ л Монголд хэрэгтэй юм байна. Аливаа үйл ажиллагааг сайжруулахын тулд нухацтай харж, тооцоолохгүй бол маш их үр ашиггүй зардал гардаг гэдгийг ойлгосон.

Нэгдүгээрт, аливаа нийгэмд баялаг бүтээдэг нь компаниуд юм байна. Хоёрдугаарт шинжлэх ухааны байгууллагууд юм гэдгийг ойлгосон.  Компаниудыг чадавхжуулж, боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх нь улс орны хөгжлийн гарц болдог юм байна гэдгийг тэндээс ойлгосон.

Миний хувьд 22 -26 насандаа Японд амьдарч докторт суралцсан.  Залуу хүний хувьд ид төлөвшлийн үе минь байсан гэж боддог.

Тухайн үед ч одоо ч манай улсын голлох салбар уул уурхайн салбар байна. Аав маань геологич мэргэжилтэй. Тиймээс ааваараа дамжуулж Монголоос мэдээлэл, туршлага авах боломж байгааг олж харсан.  Төмрийн хүдрийн ил уурхайн төсөлд симуляци дүн шинжилгээ ашиглаад оптимизаци хийх аргын талаар судалгаа хийж докторын зэргээ хамгаалсан.

“Бодоод байхад доктор хамгаална гэдэг аргачлалыг нь сураад ууланд авирахтай адил” Ч.УНДРАМ

Бодоод байхад доктор хамгаална гэдэг аргачлалыг нь сураад ууланд авирахтай адил.

Нэг уулын оргил дээр нь гарсан хойноо түүний цаана маш олон өндөр, нам уул байгааг олж хардаг болов уу. 

Тэгэхээр хийх зүйл улам их нэмэгдэж, танин мэдэх хэрэгцээ тэр хэрээр ахиж, мэдэхгүй зүйл тэр хэмжээгээр томорч байдаг.

– Таныг оптимизацийн чиглэлээр Монголд олон компанид зөвлөгөө өгсөн гэж байсан. Яг ямар байгууллагуудад зөвлөгөө өгч байв?
– Янз бүрийн олон компанид зөвлөгөө өгч байсан. Рио Тинто, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”, Мянганы сорилтын сан зэрэг олон төсөлд зөвлөгөө өгч сургалтууд өгч байсан.

Компанид хамгийн гол зүйл нь төлөвлөлт байдаг. Төлөвлөхийн тулд өөрсдийнхөө юу нь болж байгаа, юу нь болохгүй байгааг мэдэх хэрэгтэй. Зөв төлөвлөөд бүтэц, бүрэлдэхүүнээ зохион байгуулаад явах ёстой.

Миний хувьд Харвард Бизнес сургуулийн дэргэдэх Өрсөлдөөний микро институтын Монгол дахь координатораар ажиллаж байгаа. Үүний хүрээнд улс орны өрсөлдөх чадварын судалгааг хийдэг. Энэ ажлыг доктор, профессор Х.Цэвэлмаа гэж мундаг хүнтэй хамтарч хийдэг.

– Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр”-т өгсөн зөвлөгөө хэр биеллээ олсон бэ?
– “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд хоёр жилийн төсөл байсан. Маш том үйлдвэр. Бүх үйл ажиллагаа нь их нарийн. Орос, Монгол соёл холилдсон олон төрлийн үйл ажиллагаа тэнд явагддаг. Зөвхөн уурхайгаас гадна зочид буудал, зоогийн газар гээд олон төрлийн үйл ажиллагаа явагдаж байдаг. Энэ бүгдийг маш сайн мэдэж байж бизнес төлөвлөгөө сайн гардаг.

Энэ гаргаж өгсөн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, авч явах гол хүн нь гүйцэтгэх захирал. Эрдэнэт үйлдвэрийн тухайд бидний гаргаж өгсөн бичиг баримтыг маш их хэрэгтэй гэж хүлээж авсан. Заримыг нь хэрэгжүүлсэн байдаг. Улсын үйлдвэр учир улстөрийн нөлөөлөл ихтэй. Дарга нь солигдохоор өмнөх бодлого нь байхгүй болж зарим нэг зүйлийг өөрсдийнхөөрөө эхлүүлж байгаа зүйлүүд харагдаж байна.

Хувийн компаниудын тухайд өөрсдөө мөнгөө төлөөд зөвлөгөө авч байгаа учир тэд аль болохоор ихийг мэдэж, илүү сайныг нь хийлгэхийг, түүнийгээ хэрэгжүүлэхийг хүсдэг.  Бидний хувийн компаниудад өгсөн консалтинг илүү үр дүнгээ өгч байгаа харагддаг.

– Бид нар гэж ярьж байна. МУИС-иас гадна өөр хувийн компанитай гэсэн үг үү?
– Манай багш нар гэсэн үг. Бизнесийн сургуулийн багш нар маань энэ чиглэлийн консалтинг хийдэг. Бизнесийн сургууль маань Бизнес консалтинг төвтэй.  100 гаруй багштай. Зөвлөгөө авах компаниасаа шалтгаалаад багш нар маань баг болоод ажилладаг. Мөн энэ үйл ажиллагаандаа оюутнуудыг дадлагажуулдаг.

ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ИРГЭН ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ?

– MCS, Голомт зэрэг бизнесийн компаниудад ажиллаж байсан гэсэн. Чухам яагаад боловсролын салбарт ажиллах болов?
– Докторын зэргээ хамгаалахаас өмнө Монголд болсон олон улсын нэгэн хуралд илтгэл тавьсан юм. Тэр хуралд тухайн үеийн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал Ц.Даваадорж багштай танилцаж байлаа. Тэр үед МУИС-д багшлах санал тавьж байсан.

Дараа нь Японд бас нэг олон улсын хуралд Ц.Даваадорж багштай тааралдсан. Хоёр дахь удаагаа тааралдахдаа докторын зэргээ хамгаалчихсан байсан.  Миний хувьд дэлхийн хэмжээний гурван том гүрэнд боловсрол эзэмшсэн учраас мэдсэн, сурсан зүйлээ хүүхэд, залууст хүргэх юмсан гэсэн бодол байсан.  Харин энэ нь хэсэг хүнд илтгэл тавих хэмжээнд хангалттай биш байсан учир багш болох нь хамгийн үр дүнтэй юм байна гэж бодсон.  Доктор хамгаалах явцдаа судалгаанд маш дуртай болсон. Судалгаа гэдэг ямар чухал вэ гэдгийг ойлгосон.

Ингээд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд ирж ажиллах болсон юм.

– Монгол Улсын Их сургуулийн шинэчлэл гэж нэлээн дуулиантай үйл явдал өрнөж байна.  Үүний хажуугаар цалин мөнгөө илүү авдаг нэг хэсэг багш, захирал байдаг гэсэн мэдээлэл гарч байв. Энэ дотор таны нэр явж байсан. 
– Энэ бол ямар нэгэн хууль дүрэмтэй харшилдаггүй.  Учир нь МУИС-д багш нар захиргааны ажил хийхийн хажуугаар багшилж байсан. Цалин мөнгөндөө гол нь биш хамгийн гол нь бид нар багш, судлаач хүн учраас оюутнуудтайгаа ойр ажиллаж тэд юу хүсч байгааг мэдрэх хэрэгтэй. Тэднээс тасарч холдохгүй, тэнхимээрээ орж гараад багш нар юу болж, яаж байгааг мэдэж байх ёстой. Бидний хувьд хичээлийг  ажлын бус цагаар буюу оройн ангид хичээл ордог.  Тэр уламжлалаараа явж байсан. Харин тэр хэл амнаас болоод мөн шинэчлэл маань нэлээд ажилтай байсан учир ингэж давхар хичээл заахаа больсон. Миний хувьд өнгөрсөн хичээлийн жил сургалтын албаны ажлыг хийхийн хажуугаар 50 хувийн профессороор МУИС-ийн Бизнесийн сургуульд ажилласан. Шалтгаан нь арванхоёрдугаар сард одоо хийж буй миний ажлын тушаал гарсан. Тухайн үед хичээл зааж байсан. Дараагийн улиралд нь мөн нэг хичээл заах төлөвлөгөө байсан. Үүний дагуу хичээлүүдээ гүйцээсэн.

– МУИС-ийн шинэчлэл үргэлжилсээр байна уу. Эхнээсээ шинэчлэлийн бодлого хөрсөнд бууж эхэлсэн үү?
– МУИС бол маш том байгууллага. 1000 орчим багш, ажилтантай. 20 мянга орчим оюутан, суралцагчтай олон жилийн түүхтэй Монголын ууган их сургууль.
Энэ том байгууллагыг тийм амархан шинэчлэхгүй л дээ. Ямар ч шинэчлэлд эсэргүүцэл байдаг. Шинэчлэлийн менежмент судлагдахуун байдаг.

Хүмүүсийн сэтгэлгээг шинэчлэх хамгийн хэцүү. Хүнд дассан сурсан зүйл гэдэг их сайхан. Түүнийг нь өөр хэлбэрт оруулаад дээрээс нь өрсөлдөөн дунд орж өөрсдийгөө хөгжүүлэх шаардлага гараад ирэхээр хүн өөртөө итгэлгүй болж эхэлдэг. Ингээд тодорхой хэмжээний эсэргүүцэл гардаг. Иймэрхүү байдлаас болж хүмүүс эсэргүүцэж байгаа байх.

“Бид өнгөрсөн жил бакалаврын бүх хөтөлбөрөө шинэчилсэн”

Шинэчлэл үргэлжилж байгаа. Бид өнгөрсөн жил бакалаврын бүх хөтөлбөрөө шинэчилсэн. Өмнө нь сургалтын хөтөлбөрийг маш цөөхөн хүн буюу сургалтын албаны дарга нь тэнхимийн эрхлэгчтэй сууж байгаад дээд боловсролын хамгийн чухал асуудлыг шийддэг байсан. Сургалтын хөтөлбөр гэдэг бол хамгийн чухал зүйл. Гэтэл энэ нь хоёр, гуравхан хуудас материал. Олон мянган оюутан төгсгөх технологи нь тэр байсан.

Дээрээс нь яамнаас заавал үзэх ёстой гэж хэрэгтэй, хэрэггүй зарим хичээлийг нэмчихсэн байдаг. Нэг тийм л баримт бичиг байдаг байлаа. Тэгээд бүр болоогүй энэ бичгийг нь яамны нэг мэргэжилтэн баталдаг байсан. Хэн нэгэн яамны мэргэжилтэн ганцаараа яагаад ч мэдэх боломжгүй. Биологийн ухааны доктор бол биологийн ухаанаа л сайн мэднэ. Хими, физикийг гадарладаг байж болно. Гэтэл түүхийн хөтөлбөрийг энэ хүн мэдэхгүй. Тэгэхээр нэг мэргэжилтэн баталдаг байсан энэ зүйлийг БШУЯ-наас өөрсдөө болъё эрдэмтэд нь хөтөлбөрөө батлах санал гаргасан. Бид нарт эрх өгсөн гэсэн үг. Ингэхдээ мэдээж тодорхой хэмжээний шаардлагуудыг тавьсан. Энэ шаардлага нь МУИС-ийн шинэчлэлийн бодлого буюу Либерал урлагийн боловсролтой их таарсан. Үүний үндсэн дээр 250 гаруй эрдэмтдээс бүрдэх хөтөлбөрийн хороо байгуулсан. Эдгээр эрдэмтэн өөрсдийн хөтөлбөрийг маш зузаан судалгааны үүднээс боловсруулаад шат шатны хөтөлбөрийн хороодоор шүүгдээд Хөтөлбөрийн төв хороогоор орж батлагддаг системд шилжсэн.

Энэ жилээс бид магистр, докторын хөтөлбөрөө шинэчилнэ. Бас оюутныг хос болон хавсарга мэргэжлээр сурах боломжийг олгох гэж байгаа.

Би инженер хүн. Гэхдээ хуулийн мэдлэг хэрэгтэй байна гэвэл хоёр дипломтой төгсөх боломж бүрдэнэ гэсэн үг.  Тэгэхээр шинэчлэл маань үргэлжилж байна.

– Оюутанд очих оюуны өгөөж яг яаж илүү болж байгаа вэ?
– Хамгийн гол ерөнхий суурь хичээлүүд буюу дээд боловсролтой иргэн болоход нь шаардлагатай мэдлэг ур чадварын хичээлүүдийн хөтөлбөрийг боловсруулсан. 

Дээд боловсролтой иргэн гэдэг бол өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний бий болгосон шинжлэх ухааны нээлтүүдийг мэддэг байх ёстой.

Мөн түүхийн хичээл гэхэд оюутны дунд сургуульдаа үзэж үзэж ирсэн хичээлийг нь арай жаахан дэлгэрэнгүй болгоод заачихдаг байсан. Тиймээс түүхийн хичээлийг дараагийн шатанд заах шаардлага тавьсан байх жишээтэй. Бид шинэчлэл хийгээд анхны элсэлтээ энэ жил авч байна. Шинэчлэлийн хүрээнд хичээл болгоноос оюутан ямар мэдлэг авах юм бэ гэсэн асуултын хариу буюу тодорхойлолтуудыг мөн гаргаж ирсэн.

– Жишээ нь түүхийн хичээлийн хөтөлбөрийг яаж сайжруулсан бэ?
– Түүхийн хичээлийг бид ангилж өгсөн. Гадаадад дунд сургуулиа төгссөн эсвэл гадаад оюутанд зориулж Ерөнхий Монголын түүх гэж хичээл байгаа.  Мөн Нүүдэллэх ёсон, Чингисийн эрин ба Евро –Ази, Эзэнт гүрний дараах Монголчуудын түүх соёл, Монгол ба Улаан хувьсгал, Монголын нийгэм орчин цагийн дүр төрхөд шилжсэн нь зэрэг долоон төрлийн түүхийн хичээл оюутанд санал болгож байгаа. Үүнээс оюутан хичээлээ сонгоод үзнэ. “Өглөөний хүн” булангийн зочин Ч.Ундрам, iKon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа нар,

– Америкт оюутан нэгдүгээр курсээ төгсөөд хоёрдугаар курстээ мэргэжлээ сонгох боломж олгодог. МУИС-ийн тухайд ийм боломжтой болж байгаа гэсэн үү?
– Бид энэ жилээс яг энэ системийг буюу оюутанг сургуульд элсүүлсэн. Сургуульдаа элсүүлээд ерөнхий суурь хичээлүүдээ заана.  Оюутан байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, түүх, судалгааны арга зүй, тоон шинжилгээний хичээл, харилцааны ур чадвар, биеийн тамир, гадаад хэл зэрэг 30 кредит бүхий дор хаяж 10 хичээл үзнэ. Үүний дараа мэргэжлээ сонгоно. Ер нь хүүхэд дунд сургуулийн ширээнээс босонгуутаа мэргэжлээ сонгоход хүнд байдаг. Зарим нэг нь л өөрийнхөө мэргэжлийг өөртөө итгэлтэйгээр сонгосон байдаг. Тэгэхээр энэ бүхний талаар нэг жилийн хугацаанд ойлголт авч мэдээлэлтэй болсон хойноо сонголтоо хийх боломжийг олгож байгаа юм. Дээрээс нь бид хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийнэ.  Есдүгээр сард элссэн оюутнууд маань энэ хичээлийн жилд мэргэжлээ сонгоно. Ингэхэд нь бид хөдөлмөрийн зах зээлийн судалгааг танилцуулна. Арванхоёрдугаар сараас эхэлж энэ судалгаагаа танилцуулаад оюутнуудаа эртнээс мэргэжил сонголтоо хийхэд нь тус болохоор зэхэж байна.

– Дээд боловсролтой иргэний товч тодорхойлолтыг та хэлэхгүй юу? 
– Аливаа мэдээлэлд дүгнэлт хийх чадвартай, маш өндөр харилцааны соёлтой, олон ургалч үзэлтэй, логик сэтгэлгээ нь хөгжсөн, нийгмийн идэвхтэй, ёс зүйтэй иргэн байх ёстой.

– Одоо Монголын их, дээд сургуулиуд ийм иргэнийг бэлтгэж чадахгүй байна. Тийм үү?
– Хүнд ганцхан сургуулиас авсан боловсрол хангалттай биш. Эцэг, эх гэр бүлийн хүмүүжил гээд олон зүйл хамаарч байна. МУИС-ийг төгссөн нийгэм, улстөр, эдийн засгийн салбарт манлайлаад явж байгаа мундаг сайн төгсөгчид олон. Гэхдээ бас гологдож байгаа хүмүүс ч бий. Бид нар ажил олгогчдоос судалгаа авдаг. Албан бичиг бичиж чадахгүй байна, идэвх, санаачлагатай байж чадахгүй байна гэх мэт гомдол байдаг. Тиймээс манай төгсөгч бүр ажлын байран дээр очоод гологдохгүй байгаасай л гэж бид хүсч байгаа юм. 

– Жил бүр их, дээд сургууль төгсөгчдийн ердөө 50 хувь нь ажлын байртай болдог судалгаа байдаг. МУИС-ийн төгсөгчдийн хувьд энэ хэдэн хувьтай байдаг вэ?
– МУИС-ийн тухайд улсын дунджаас дээгүүр буюу 60-70 хувь нь ажилтай болдог.  Гэхдээ энэ тоо нь сургууль төгссөн тухайн жилийнх нь үзүүлэлт гэдгийг анхаарах хэрэгтэй. Төгсөгчдийн тодорхой хувь үргэлжлүүлэн сурах, гэр бүлтэй болж үр хүүхэд гаргах зэрэг шалтгаанууд байдгийг санах хэрэгтэй.

Төгсөөд амжилттай ажлын байртай болохын тулд бид бас нэгэн шинэчлэлийг хийсэн байгаа.

Тодруулбал, их, дээд сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлийн ажлын байр огт байдаггүй мэргэжлүүд их байсан. Энэ нь өөрөө хэн нэгний биш тогтолцооны буруу байв. Тиймээс БШУЯ-ны мэргэжилтнүүд үүн дээр нухацтай ажилласан. Жишээ нь цэргийн ар талын эдийн засагч гэж мэргэжил Монгол Улсад байсан. Энэ хүнийг төгсөхөөр цэргийн байгууллага авахгүй, компанид эдийн засагч  ч гэж бодож авахгүй байх жишээтэй. Тэгэхээр ийм хэрэгцээгүй бий болсон олон мэргэжлийг цэгцэлсэн.

– Хэчнээн мэргэжил олгодог байсныг хэд болгосон бэ?
– Монголд 800 орчим индекс байсан. Үүнийгээ 200 болгосон. 

МОНГОЛ ЭМЭГТЭЙН БИЧСЭН НОМЫГ ДЭЛХИЙ ДАЯАРАА УНШИЖ, СОНИРХОЖ БАЙГААД БИ ХУВЬДАА ИХ БАЯРЛАСАН

– Таны бичсэн эрдэм шинжилгээний өгүүллэг зэргийг олон улсын эрдэмтэд өндрөөр үнэлдэг тухай уншиж байлаа. Хамгийн сүүлд ямар судалгаа, шинжилгээний ажил хийсэн бэ?
– Бага хүүхэд маань нэг настай. Бие давхар байхдаа Thomson Reuters-ийн индекстэй гурав дахь өгүүллээ хэвлүүлсэн.  Гуравдагч зах зээлд нүүрсийг тээвэрлэхэд Транссибирийн төмөр замаар явах юм бол ямар хэмжээний цаг хугацаа, зардал гарах талаар судалгаа хийсэн. Өнгөрсөн хичээлийн жилд Монгол хэл дээр судалгаагаа үргэлжлүүлж дуусгаад төмөр замын царигийг нарийн, өргөн аль нь ашигтай вэ гэдгийг зөвхөн эдийн засгийн талаас нь харсан.  Энэ тухай өгүүллээ Бизнесийн сургуулийн нэгэн хуралд илтгэсэн.  Судалгаагаа багш нартай хамтарч хийсэн. Төмөр замын тухай улстөржилт их байдаг учраас бид нар үүнийг хэвлүүлээгүй.

“Төмөр замын тухай улстөржилт их байдаг учраас бид нар үүнийг хэвлүүлээгүй”

– УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ асуудлыг баталсан. Одоо үр дүнг хэлэхэд асуудалгүй юм биш үү?
– Би судалгааны үр дүнгээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг гэдэг хүн рүү мэйлээр илгээсэн.  Гэхдээ надад ямар ч хариу ирээгүй.

– Судалгааны үр дүн их сонирхолтой байна.
– Олон нийтэд яриад дэмий байх. Бид улс орны аюулгүй байдал болоод бусад өнцгөөр хараагүй зөвхөн эдийн засгийн тооцоолол хийсэн юм.

– Яг одоо ямар судалгаан дээр ажиллаж байгаа вэ?
– Ажлаа дагаад боловсролын менежмент, системийн талаар их сонирхож байгаа. Монголдоо Англи хэл дээр эрдэм шинжилгээний сэтгүүл гаргахаар ажиллаж байна. Манай төгсөлтийн дараах сургуулийн декан Б.Отгонтөгс гэж мундаг эдийн засгийн ухааны доктор эмэгтэй байдаг. Энэ бүсгүйтэй хамтраад Англи хэл дээр сэтгүүл гаргах ажлыг судалж байна.

Мөн улс орны өрсөлдөх чадварын судалгаагаа хийж байгаа. Түүнчлэн уул уурхай, бизнес менежмент болон төслийн менежментийн чиглэлийн номнуудаа Монгол хэл дээр бичиж байна. 

“Монголдоо Англи хэл дээр эрдэм шинжилгээний сэтгүүл гаргахаар ажиллаж байна”

– Amazon дээр таны нэг ном борлуулагдаж байгаа.  Хэд орчим хувь борлогдсон бэ?
– Миний хувьд таван номонд оролцсон. Amazon дээр борлогдож байгаа номын тухайд яг миний өөрийн бие дааж бичсэн судалгааны бүтээл. Германы компанийн хүсэлтээр миний дисертацийн ажлыг монограф хэлбэрт оруулаад ном болгоод борлуулж байгаа. 

Open access book буюу дуртай хүн нь ороод татаад авдаг Эрсдлийн менежментийн номыг Франц, Герман, Америк, Австрали гээд олон орны эрдэмтэдтэй хамтарч бичсэн. 

Миний хувьд тавдугаар бүлэг буюу уул уурхайн эрсдлийн менежментийн бүлгийг бичсэн. Өнгөрсөн жилийн байдлаар миний бичсэн бүлгийг зургаан мянган хүн татаж авсан байсан.  Богино хугацаанд ийм их хүн татаж авсан нь надад их сайхан санагдсан. Олон улсын судлаачид өөрсдийн нийгмийн хариуцлагыг ухамсарлаж бусдыг соён гэгээрүүлэх үүргийнхээ хүрээнд ийм үнэгүй татаж авах боломжтой ном, судалгааны ажлуудаа туурвидаг. 

Америк, Канад, Австрали, Энэтхэг зэрэг улсын иргэд миний номыг хамгийн их татаж авсан байсан. Монгол хүн байгаагүй. Гэхдээ Монгол хүний бичсэн номыг дэлхий даяараа уншиж, сонирхож байгаад би хувьдаа их баярласан.

Англи хэл дээр бичсэн бүтээлүүдтэй маань холбоотойгоор гадны иргэдээс маш их мэйл, санал, хүсэлт ирдэг. Таны судлаач оюутан болж Монголд сурч болох уу гэх мэт асуултууд ирдэг.

ДОКТОР БОЛООД ТОМ АЖЛЫН АРД ГАРЛАА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ. ДОКТОР БОЛСОН ХОЙНО БҮР ИХ АЖИЛ ХҮЛЭЭЖ БАЙДАГ

–  Залуу хүний хувьд доктор гэдэг цолыг өөрийн нэрний өмнө зүүгээд олон мянган оюутан, багш, эрдэмтдээр хүндлүүлнэ гэдэг  хэр их сэтгэлийн ачаа болдог вэ?
– Сүүлийн үед Монголд ч төдийгүй олон улсад докторын нас их залуужиж байгаа. Мэдээж доктор байна гэдэг өөрөө маш том хариуцлага. МУИС-ийн багш, доктор байна гэдэг нь өөрөө маш том хариуцлага. Ийм цол гуншинтай болохоор хүн улам л илүү ажиллах хэрэгтэй болдог.  Мэдээж ажилдаа анхаараад ирэхээр гэр бүлдээ хандах анхаарал буурдаг. Гэхдээ гэр бүлийн хүн маань үүнийг маш сайн ойлгож дэмжиж тусалдаг.

Доктор болоод их ажлын ард гарлаа гэж ойлгож болохгүй. Харин доктор болсон хойно бүр их ажил хүлээж байдаг гэж ярьдаг. Үүнтэй л санал нэг байдаг.

“Доктор болоод их ажлын ард гарлаа гэж ойлгож болохгүй. Харин доктор болсон хойно бүр их ажил хүлээж байдаг гэж ярьдаг”

– Та өөрийгөө амжилттай яваа эмэгтэй гэдэг тодорхойлолтод оруулж чадах уу?
– Хүн өөртөө сэтгэл хангалуун байх эсэхээс шалтгаална. Миний хувьд сайхан гэр бүлтэй, үр хүүхдүүдтэй, хариуцлагатай ажилтай, хийсэн юмтай. Цаашид хийх ажил ихтэй хүн гэж боддог. Тиймээс өөрийгөө амжилттай явж байгаа гэж бодож байна. 

– Тэгвэл энэ амжилтын суурь нь, шалтгаан нь юу вэ?
– Миний эцэг, эх хоёр. Аав, ээж хоёр намайг зөв зааж чиглүүлж, миний суурь хүмүүжил, төлөвшлийг бий болгосон хүмүүс юм. 

– Таны төгссөн Нагояагийн их сургууль Нобелийн шагналын тоогоороо Япон улсдаа тэргүүлдэг.  Харин Монгол эрдэмтэн бие дааж хэзээ нобелийн шагналтан болох бол?

– Тийм ээ. Энэ жил физикийн нобелийн шагналыг хоёр хүн авснаар манай сургуулиас нийтдээ зургаан хүн нобелийн шагналын эзэн болж байна. Энэ бүгдийн дараа Нагояагийн их сургуулийн Ерөнхийлөгч “Сүүлд нобель авсан эрдэмтэн маш залуу хүн байлаа” гэж байсан. Тэр залуу хүн нь 54 настай. Ихэвчлэн 70, 80 настай эрдэмтэд энэхүү нэр хүндтэй шагналыг хүртдэг.

Монголын эрдэмтэн судлаачид өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засгийн шилжилтийн үетэй нүүр тулж ар гэрээ авч явах гээд санаа зовох зүйл маш их байсан. Харин Японд профессорууд нь цалин, хөлс, ар гэртээ санаа зовох юмгүй судалгаагаа хийгээд амьдардаг. Гол нь бүх шаардлагатай зүйл нь гарын дор байдаг гайхалтай лабораториуд бий.

Докторант оюутнуудын тухайд ч ажил хийдэггүй зөвхөн судалгааны ажилдаа анхаарлаа хандуулдаг. Энэ бүх орчин нь байж хүн бүтээлч байж чаддаг. Монгол хүмүүсийн хувьд оюуны өндөр чадвартай, IQ өндөртэй хүмүүс. Тэгэхээр бид хөгжингүй орных шиг ийм орчин бүрдүүлж чадаагүй байна. Багш эрдэмтдийн цалин, нийгмийн халамж хангалттай биш, олон цагаар хичээл зааж маш их ачаалалтай ажилладаг. Өөрөөр хэлбэл тэдэнд сэтгэл амар судалгааны ажил хийх боломж хомс байсаар байна.

Гэхдээ ямартай ч энэ бүх бэрхшээлийг үл тоож эхний ээлжинд яамнаас дэмжээд МУИС суурь лабораторитой болохоор төлөвлөж байна. Манай сургуулийн томоохон номын сан баригдаж байгаа. Үүнийхээ доор бид лабораторитой болох тухай ярьж байна. Нэг өдрийн дотор бүгдийг хийх боломжгүй. Тиймээс бид эхнээс нь асуудлыг шийдээд л явж байна гэсэн үг.

– Судалгаа шинжилгээ, сургуулийн захиргааны ажил, гэр бүл гээд таны нэг өдөр их завгүй өнгөрдөг байх даа.
– Тийм ээ.

Ямар ч байсан гэр бүлдээ зориулж өглөө бүр өглөөний цайг нь өөрийн гараар бэлтгэж өгдөг.

Ажилдаа ирж хурал, уулзалтад орж үндсэн ажлаа хийсээр орой 18.00 цагтай золгоно. Үүний дараа судалгааны ажлуудаа харна. Ном, эрдэм шинжилгээний өгүүлэл уншина.  Нам гүм орчинд орой 20:00 цаг хүртэл судалгааны ажлуудаа хийдэг.

Ингэж гэртээ харьж хүүхдүүдээ асарна. Тэднийгээ унтсаны дараа мөн өөртөө жаахан цаг гаргаж ном, сонин бас харна. Ингэж завгүй ажилладгийг маань гэр бүлийн хүн маань мэддэг учраас намайг ойлгож их дэмждэгт их баярлаж явдаг даа.

ЯРИЛЦСАН: Ч.БОЛОРТУЯА – @Bolort

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.БЯМБА-ОЧИР – MPA.mn 

Leave a comment